“JetBlue Airways” компанийг шүүхэд өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНЬЮ-ЙОРК. /The Independent/. Зорчигчид ачаагаа алдах, нислэгээ андуурах, нислэг хойшлогдох гэх мэтийн бүтэлгүй явдлууд аяллын явцад гарах нь олонтоо байдаг.
Харин хоёр хүүхдийн нэрсийг андууран тэднийг өөр өөр хотууд руу хэдэн зуун бээрийн зайд нисгэсэн хэргээр “JetBlue Airways” агаарын тээврийн компанийн эсрэг зарга үүсээд байна. Нэг хүүгийнх нь ээж болох Марибэль Мартинез хүүг нь буруу чиглэлд нисгэснийх нь төлөө тус компанийг шүүхэд өгчээ.
Түүний нэхэмжлэлд дурдсанаар, тус компанийн эл үйлдэл нь маш их сэтгэл санааны дарамт, айдас хүйдэс, цочрол, сэтгэл санааны шаналал учруулсан аж. Түүний 5 настай хүү болох Энди нь Нью-Йоркийн Жон Ф.Кеннедигийн нэрэмжит олон улсын нисэх буудлаас гэнэт алга болсон бөгөөд хайгаад олдохгүй байсан нь түүнийг цочролд оруулсан байна.
Энди хүүг 346 км-ийн алсад орших Массачусеттс муж улсын Бостон хот орох онгоцонд суулган явуулсан байжээ. “JetBlue Airways”-ийн ажилтнууд Эндиг үл таних эмэгтэйд хүлээлгэн өгч, "ээжтэй чинь уулзууллаа" гэж хэлсэн нь байдлыг бүр дордуулж орхисон байна.
Өөрөөр хэлбэл Бостон явах нислэгт суух ёстой байсан нэгэн хүүгийн оронд Эндиг суулгаж, Эндигийн оронд нөгөө хүүг суулган явуулсан гэсэн үг. Нөгөө хүүг онгоцны буудал дээр Мартинезид "хүү чинь энэ байна" гэж хэлээд хүлээлгэж өгчээ. Харин Мартинез өнөөх хүүг өмнө нь хэзээ ч харж байгаагүй аж. Нэр нь үл мэдэгдэх хүүд Эндигийн паспортыг өгч нисгэсэн байж. Хоёр хүүхэд хоёулаа Доминикан улсын "Сибао" олон улсын нисэх буудлаас ниссэн байна.
Гурван цагийн дараа “JetBlue Airways” компани юу болсны учрыг мэдээд Мартинезид хүү Эндитэй нь утсаар ярих боломж олгожээ. Мартинезийн ярьснаар, тэрбээр хүүгээ хулгайлагдсан байж магадгүй, дахиж хэзээ ч харахгүй нь гэж бодон шаналж байлаа.
Мартинезийн өмгөөлөгч Санфорд Рубенштайны ярьснаар, хатагтай Мартинез “JetBlue”-ийн эл үйлдлийг нийтэд ил болгож, цаашдаа үүнтэй адил хэрэг давтагдахаас сэргийлэх зорилготой байгаа аж. Тэрбээр тус агаарын тээврийн компаниас нөхөн төлбөр олгохыг шаардан нэхэмжлэл гаргаад байгаа юм.
Харин "JetBlue Airways” компани уг нэхэмжлэлийн талаар ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй.
Х.Сарнай