СЭЛЭНГЭ: Улаан номд орсон нэн ховор жодоо модоор ойжуулалт хийж байна
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
Сүхбаатар, 2024 оны гуравдугаар
сарын 22 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн тухайд нэн ховор мод
болох хуш, жодоо, гацуураас гадна нарс, шинэс модоо ч тарьж байна.
Сэлэнгэ аймгийн газар нутгийн 46.7 хувь нь ойн сан
байдаг бөгөөд Хөвсгөл аймгийн дараа 2-рт ордог байна.
Сэлэнгэ аймаг улаан номд
орсон, нэн ховор жодоо модоор ойжуулалт хийсэн, Тужийн нарсаа сэргээсэн зэрэг
ажил нь олон улсад сайн жишээ болж яваа.
Үүний тод жишээ нь Геоэкологийн
хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга ирэхдээ маш сайхан ургаж байгаатай нь
газар дээр нь очиж танилцсанаар үнэлэгдсэн байна.
Ингэж сайн ургах шалтгаан нь
ерөөсөө Бугантын газар нутгаас үрээ түүгээд тэнд нь буцаагаад тарьсантай
холбоотой. Бугантаас авсан үр маш сайн ургадаг болох нь тогтоогдсон хэмээн
Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа хэллээ.
Мөн тэрээр 5 төрлийн шилмүүст
мод ганцхан Сэлэнгэ аймагт ургадаг. Тэр утгаараа бид бүгдийг нь тарих ёстой
хэмээн ярьсан юм.
Өнгөрсөн жилийн тухайд ховор
болон нэн ховор моднуудынхаа талбайг нь тусгаарлаад үрээ түүх ажыг зохион
байгуулсан байна.
Ингэхдээ үрээ хаанаас түүх вэ гэхгүйгээр тодорхой
хэмжээний талбайгаа тусгаарлаад, тэндээсээ сор элит моднуудаа сонгоод үрээ түүсэн
байна.
Түүсэн үрээ мод үржүүлгийн
газруудад аваачиж тариад, тарьсан модоо ууландаа буцааж тарих замаар ажиллажээ.
Жодоо мод нь маш гоё, ойн чимэг гоо үзэсгэлэн болсон шилмүүст мод юм. Сэлэнгэ аймгийн
Ерөө, Бугантын хөвч тайгад элбэг ургадаг байна. Жодоо модны ойн агаар элдэв
нянгүй болон цэвэршсэн байдаг тул гадаад орнуудад тийм ойтой газар амралт
сувилалын газрууд байгуулдаг ажээ.