Ж.Байден TikTok-ийг хязгаарлах тухай хуулийн төсөлд гарын үсэг зурна гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 9 /VOA/. TikTok нийгмийн сүлжээг АНУ-д хориглох боломжийг олгох хуулийн төслийг Конгресс баталбал гарын үсэг зурна гэдгээ тус улсын Ерөнхийлөгч Жо Байден баасан гарагт мэдэгджээ.
Хуулийн төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хятадын асуудал эрхэлсэн тусгай хорооны дарга Майк Галлахер (Висконсин муж улсаас сонгогдсон Бүгд найрамдах намын гишүүн), Ардчилсан намын гишүүн Ража Кришнамурти (Иллинойс муж улс) нар боловсруулсан бөгөөд Төлөөлөгчдийн танхимын Эрчим хүч, худалдааны хороо өчигдөр баталсан байна. Хуулийн төслийг боловсруулагчид TikTok-ийг эзэмшигч Хятадын ByteDance компанид сүлжээгээ худалдахад зургаан сарын хугацаа өгчээ. Эс бөгөөс Америкийн нутаг дэвсгэрт хэрэглэхийг хориглохоор төлөвлөж байна.
Харин TikTok-ийн зүгээс мэдэгдэхдээ, олон нийгийн уг сүлжээг АНУ-д хориглосноор 170 сая америкчуудын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хассан явдал болно гэжээ.