Израил, Украинд үзүүлэх тусламжийн тухай хуулийн төслийг Сенат танилцуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-02-05 10:33:44

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 5 /NBC/. Сенат дахь хэлэлцэгч талууд АНУ, Мексикийн хилийн хамгаалалтын тухай хуулийн төслөө танилцууллаа. Энэ төсөл бол Украинд үзүүлэх тусламжид тавьсан хоригийг цуцлуулахын тулд  Бүгд найрамдах намынхны тавьж буй нөхцөл болзол юм. 


370 хуудас бүхий хуулийн төслийг АНУ-ын засаг захиргаа болон Сенатын танхим дахь хоёр намын төлөөлөгчид хэдэн сарын турш хэлэлцсэний эцэст зөвшилцөлд хүрч боловсруулжээ. Хилийн аюулгүй байдлыг хангах, Израил, Украинд үзүүлэх тусламж, гадаад бодлогын бусад тэргүүлэх чиглэлд зарцуулах хөрөнгө мөнгөний нийт дүн нь 118 тэрбум доллар бөгөөд үүнээс 20 орчим тэрбум долларыг хилийн аюулгүй байдлыг хангахад зарцуулахаар тусгажээ.


Сенатын танхим дахь Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумерийн мэдэгдсэнээр, хуулийн төслийг лхагва гарагт хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Тухайн асуудлаар зөвшилцөлд хүрснийг Ерөнхийлөгч Жо Байден сайшаагаад “Би энэхүү хуулийн төслийг тууштай дэмжинэ” гэж мэдэгдлээ. 


Цагаан ордны цахим хуудсанд нийтлэгдсэн Ж.Байдены мэдэгдэлд дурдсанаар, хуулийг баталснаар АНУ-ын хувьд Украиныг дэмжихийн тулд "дэлхий даяарх түншүүдтэйгээ амин чухал хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх", мөн "Израил улсыг шаардлагатай бүх зүйлээр хангах" боломжтой болно.


Үүний сацуу Төлөөлөгчдийн танхим Израилд 17.6 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлэх, мөн "Ойрхи Дорнодын бүс нутаг дахь АНУ-ын цэргийн хүчинд зайлшгүй шаардлагатай санхүүжилтийг багтаасан хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэнэ" гэж танхимын дарга Майк Жонсон NBC сувгаар мэдэгджээ. 


Эл хуулийн төсөлд Украинд үзүүлэх тусламж, хилийн аюулгүй байдлыг хангахад зарцуулах санхүүжилтийг оруулаагүй байна.

Связанные новости