Д.Трамп Орос, Украины мөргөлдөөний талаар мэдэгдэл хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-01-21 12:47:14

НЬЮ-ЙОРК, 2024 оны нэгдүгээр сарын 21 /RT/. Америкийн Ерөнхийлөгч асан Дональд Трамп намар болох ерөнхийлөгчийн сонгуульд ялсан даруйдаа Орос, Украины мөргөлдөөнийг шийдвэрлэнэ гэж мэдэгдэв.


“Орос, Украины хооронд дэгдээд байгаа аймшигт дайныг би тангараг өргөхөөсөө өмнө шийднэ” гэж Д.Трамп бямба гарагт Нью-Хэмпширт дэмжигчдийнхээ цуглаанд үг хэлэхдээ мэдэгджээ. 


Гэхдээ тэрбээр мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэхэд хэр хугацаа шаардагдахыг, мөн хэрхэн шийдвэрлэх гэж буйгаа тодорхой хэлээгүй байна. 


Үүний сацуу Д.Трамп Оросын Ерөнхийлөгч В.Путинийг ч, Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг ч сайн мэддэг гэдгээ дахин онцолсон байна. "Бид үүнийг шийднэ" гэж тэрбээр хэлжээ.


Хэрэв дахин сонгогдвол Украины мөргөлдөөнийг 24 цагийн дотор зохицуулна гэж тэрбээр урьд нь мэдэгдэж байсан юм.


АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх 11 дүгээр сард болно. Америкийн одоогийн Ерөнхийлөгч Жо Байден уг албан тушаалд улиран сонгогдохоор өрсөлдөнө гэдгээ 2023 оны дөрөвдүгээр сарын 25-нд албан ёсоор мэдэгдсэн бол Д.Трамп сонгуульд оролцохоо  2022 оны 11 дүгээр сард зарласан юм.

Связанные новости