Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-12-18 12:32:26

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржээс иргэдийг хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллээр хангах, үнэт цаас гаргагч нарт зөвлөмж өгөх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулах талаар мэдээллээ.


Ирэх баасан гарагт Монголын Хөрөнгийн биржийн байранд болох өдөрлөгт СЗХ, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын үнэт цаасны клирингийн төв, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, үнэт цаасны компаниуд оролцож олон нийтэд үйлчлэх юм. Үүнд:

  • Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын талаарх мэдээлэл,
  • Ногдол ашгийн мэдээлэл
  • Хөрөнгө оруулалтын зөвлөгөө,
  • Брокерийн данс нээх үйлчилгээ,
  • Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ,
  • Данс шалгах үйлчилгээ (Эрдэнэс Тавантолгой” ХК, цэнхэр, ягаан тасалбар, хувьцаатай эсэх)
  • Арилжаанд оролцох үйл явц (Арилжааны системийн практик сургалт)
  • Иргэдээс үнэт цаастай холбоотой санал хүсэлтийг хүлээн авах аж.

Монголын Хөрөнгийн биржээс мэдээлснээр, энэ оны эхний хагас жилд нийт 125 удаагийн үнэт цаасны арилжаа болж, хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 140 ХК-ийн 855.2 сая ширхэг хувьцааг 429.8 тэрбум төгрөгөөр арилжжээ. Түүнчлэн

  • хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 428 мянган ширхэг, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 42.2 тэрбум төгрөгөөр,
  • Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5.5 сая ширхэг нэгж эрхийг 3.4 тэрбум төгрөгөөр,
  • компанийн бондын анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 374 мянган ширхэг бондыг 37.4 тэрбум төгрөгөөр тус тус арилжсан байна.

Нийт 513 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Тайлант хугацаанд өдөрт дунджаар 6.9 сая ширхэг үнэт цаасыг 4.1 тэрбум төгрөгөөр арилжсан байна. 

Связанные новости