Пентагоны тэргүүн Киевт хүрэлцэн иржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2023 оны арванэгдүгээр сарын 20 /ТАSS/. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Украины эрх баригчидтай уулзахаар өнөөдөр Киевт хүрэлцэн ирлээ.
"Би Украины удирдагчидтай уулзахаар дөнгөж сая Киевт ирлээ" гэж Пентагоны тэргүүн "X" (хуучнаар Twitter) сүлжээнд бичжээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр "АНУ одоо ч, цаашид ч Украиныг дэмжсээр байх болно" гэсэн "чухал мэдээг хүргэхээр" төлөвлөж байгаагаа дурдсан байна. Л.Остин мөн галт тэрэгний буудалд түүнийг АНУ-ын Элчин сайд Брижет Бринк угтан авч буй зургийг нийтэлсэн байна.
Пентагоны тэргүүний Киевт хийх айлчлалыг албан ёсоор зарлаагүй юм.
Украинд зэвсэг нийлүүлэх ажлыг зохицуулахаар Барууны орнуудын байгуулсан бүлгийн ээлжит хурлыг энэ долоо хоног цахимаар зохион байгуулна гэж өмнө нь Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга, АНУ-ын Агаарын цэргийн хүчний генерал Патрик Райдер мэдээлжээ.
Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирбигийн урьд мэдээлснээр, АНУ-ын засаг захиргаа Киевт тусламж үзүүлэхэд хуваарилсан хөрөнгийн 96 орчим хувийг зарцуулжээ. АНУ-аас цаашид томоохон хэмжээний тусламж үзүүлэхгүй байх нь Украины батлан хамгаалах хүчин чадалд сөргөөр нөлөөлнө гэж Ж.Кирби онцлон тэмдэглэсэн байна.