IPEF-ийн гишүүн орнууд нийлүүлэлтийн сүлжээний асуудлыг тогтмол хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
САН-ФРАНЦИСКО, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /NHK/. Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн стратегид /IPEF/ нэгдэн орсон орнуудын удирдагчид пүрэв гарагт болсон дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгдэл гаргалаа.
Талууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний асуудлаарх хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор тогтмол яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
АНУ-ын санаачилсан тус стратегид нэгдэн орсон Япон, Энэтхэг зэрэг 14 улсын удирдагчид Сан-Франциско хотноо болж буй АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзжээ.
Уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэлсэн үгэндээ, бидэнд хийх ажил их байгаа хэдий ч мэдэгдэхүйц ахиц дэвшил гараад байна хэмээн онцлоод, бид дээд амжилт тогтоохуйц асар богино хугацаанд IPEF-ийн гурван тулгуурын талаар зөвшилцөлд хүрсэн гэсэн байна.
IPEF-ийн гишүүд энэ оны тавдугаар сард тохиролцсон нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурж, цэвэр эрчим хүч, шударга эдийн засгийн талаарх хэлэлцээг үндсэндээ дуусгажээ.
Түүнчлэн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд лити болон бусад чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн талаар тогтмол хэлэлцүүлэг зохион байгуулна гэж дээрх мэдэгдэлд дурджээ.
IPEF-ийн орнууд Энэтхэг, Номхон далайн бүс нутагт нөлөөгөө тэлэх гэсэн Хятадын оролдлогын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг эрмэлзэж байна.