Э.Блинкен Өмнөд Солонгост айлчилж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /VОA/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНСУ-д хоёр өдрийн айлчлал хийхээр лхагва гарагт хүрэлцэн иржээ.
Тэрбээр Азийн орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсад айлчилж байна. Э.Блинкен өмнө нь Японд айлчлах үеэрээ G7-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нартай уулзаж, тус улсын албаны хүмүүстэй хийх яриа хэлэлцээ хийжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мөн Энэтхэгт айлчилна.
Төрийн Департаментын тэргүүний айлчлал нь Израил, ХАМАС-ын мөргөлдөөн үргэлжилж буй цаг үед болж байна.
Түүнээс гадна, уг айлчлал нь Умард Солонгосоос Орост зэвсэг техник нийлүүлсэн байж магадгүй үед болж байгаа ба сүүлийн хоёр жил хагасын хугацаанд Өмнөд Солонгост хийж буй анхны айлчлал юм.
Ташрамд дурдахад, Умард Солонгосын тал тагнуулын хиймэл дагуул хөөргөх хоёр дахь оролдлого нь амжилтгүй болсны дараа дахин хөөргөхөөр бэлтгэж байгаа бөгөөд Оросоос техникийн туслалцаа авсан бололтой гэж Өмнөд Солонгосын тагнуулын алба өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.
Пёньян, Москва хоёр зэвсгийн наймаа хийсэн гэх мэдээллийг үгүйсгэж байгаа боловч есдүгээр сард болсон Ким Жөн Ун, Владимир Путин нарын уулзалтын дараа хоёр орны цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон гэдгийг дурдаж байгаа юм.