Хэнтийн хөрөнгө оруулалтын чуулганаар “Мэт-Агро”, “Говь” компаниуд аймгийн удирдлагатай гэрээ байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Хэнтий аймагт “Хэнтийн хөрөнгө оруулалт” чуулган болж байна.
Уг чуулганаар Улаанбаатар хотоос
орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж байгууллагыг дэмжиж, хамтран
ажиллах, Хэнтий аймагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэх, хөрөнгө
оруулалтын таатай орчин, нөөц боломжийг танилцуулж, хөгжлийн гарц, шийдлийг санал болгож хөрөнгө
оруулалтыг татах зорилготой юм гэдгийг
аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав онцоллоо.
Чуулганд ХХААХҮ-ийн
дэд сайд М.Ганхүлэг оролцож, хөдөө
аж ахуйн салбарын мэдээллийг танилцууллаа. Чуулганы үеэр Хэнтий аймгийн Чандганы талд байрлах “Мэт-Агро” компани үхэр болон гахай бордох чиглэлээр хамтран ажиллах гэрээг аймгийн удирдлагатай байгуулав. Мөн “Говь” ХК орон нутаг дахь анхны салбар
үйлдвэрээ Хэнтий аймагт нээж, гэрээ байгууллаа. Тус компани орон нутагт салбараа нээснээр 100 гаруй
ажлын байр шинээр бий болгож буйг
танилцууллаа.
Хөрөнгө оруулалтын чуулганаар хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал ба тээвэр логистикийн хөгжил, барилга, дэд бүтцийн салбар, бүс нутгийн хөрөнгө оруулалт сэдвээр хэлэлцүүлэг болж байна. Мөн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгч, тариаланчид бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг дэлгэж байна.