Францын Ерөнхийлөгч Э.Макрон Казахстан, Узбекистанд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-10-31 19:54:17

ПАРИС, 2023 оны аравдугаар сарын 31 /Bloomberg/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Казахстан, Узбекистанд айлчилна гэж хоёр эх сурвалжаас эш татан Bloomberg агентлаг мэдээлэв. 


Эх сурвалжуудын мэдээлснээр, түүний энэ удаагийн айлчлал ураны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Францын эрх баригчдын бодлоготой холбоотой ажээ. Францад ураны эрэлт хэрэгцээ нэмэгдсэн нь Нигер дэх олборлолт зогссонтой холбоотой юм.


Нигерт цэргийн эргэлт гарсны дараа Францын ураны хүдрийн олборлолт зогсжээ. Тус улсын “Orano SA” компани Казахстаны “Казатомпром” компанитай хамтран Казахстаны ураны ордуудыг хэдийнэ ашиглаад эхэлсэн бөгөөд Э.Макрон удахгүй хийх айлчлалынхаа үеэр энэ чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэж Bloomberg -ийн эх сурвалжууд мэдээллээ. Айлчлалыг 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд хийхээр товлосон гэж тус агентлаг мэдээлсэн боловч Францын Ерөнхийлөгчийн цахим хуудсанд айлчлалын талаар дурдаагүй байна.


Э.Макроныг эрчим хүчний “Electricite de France SA”, АЦС барих талаар дагнасан “Assystem SA” компани зэрэг эрчим хүч, хөдөө аж ахуй, хүнс, уул уурхайн салбарын 15 компанийн төлөөлөгч дагалдана гэж Елисейн ордны төлөөлөгч хэллээ.


Казахстаны эрх баригчид Оросын нөлөө, Хятадын дарамтыг бууруулахын тулд хамтран ажиллах сонирхолтой байгаа бол Франц улсын хувьд Оросын эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглахаас татгалзахад чиглэсэн Европын Холбооны (ЕХ) бодлогыг даган мөрдөж байна гэж Bloomberg-ийн мэдээнд дурджээ.


Өнгөрсөн онд дэлхий даяар олборлосон ураны хүдрийн 43 хувийг Казахстанд олборложээ. Түүнчлэн тус улсад атомын цахилгаан станц барих асуудлаар бүх нийтийн санал асуулга болсон байна. Энэ нь Семипалатинск, Павлодар, Караганда мужуудын нутагт Семипалатинскийн цөмийн туршилтын талбай байснаас үүдэн иргэдийн дунд цөмийн эрчим хүчтэй холбоотой болгоомжлол байгаатай холбоотой. 


Одоогийн байдлаар Европын Холбоо ОХУ-аас импортолж буй ураны нийт хэмжээг 16 хувиар бууруулсан байна. Хэд хэдэн эрчим хүчний компани Оросын ураны нийлүүлэгчдийн оронд Казахстан, Канад, Узбекистаны нийлүүлэгчдийг сонгосон ба Казахстанаас ЕХ-нд нийлүүлэх ураны хэмжээ 14 хувиар нэмэгджээ.

Связанные новости