Ван И: Гүн гүнзгий агуулгатай яриа хэлэлцээ нь харилцааг тогтворжуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-10-27 16:30:21

ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 27 /Reuters/. АНУ, Хятад улсууд санал зөрөлдөөнтэй байгаа ба үл ойлголцлыг багасгаж, харилцаагаа тогтворжуулахын тулд гүн гүнзгий агуулгатай, өргөн хүрээтэй яриа хэлэлцээ хийх шаардлагатай байна гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И пүрэв гарагт мэдэгдлээ. Тэрбээр Вашингтон хотноо мөн өдөр хүрэлцэн ирсэн юм.


Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй зэрэгцэн зогсож байхдаа хэлсэн үгэндээ, хоёр улс нийтлэг ашиг сонирхол, сорилттой тулгарч байгааг хамтдаа шийдвэрлэх шаардлагатай байна гэв. Иймээс Хятад, АНУ хоёр яриа хэлэлцээ хийх хэрэгтэй. Яриа хэлэлцээгээ үргэлжлүүлээд зогсохгүй, түүнийг гүн гүнзгий агуулгатай, өргөн хүрээтэй явуулах ёстой гэж тэрбээр хэлжээ.


Яриа хэлэлцээ нь үл ойлголцлыг багасгаж, харилцааг тогтворжуулж, эрүүл, бат бөх, тогтвортой хөгжлийн замд оруулахад тус дөхөм болно гэдгийг Ван И онцолсон байна. Үүний хариуд Э.Блинкен “Гадаад хэргийн сайдын хэлсэнтэй санал нэг байна” гэлээ. Ван И-г үг хэлэхээс өмнө Э.Блинкен үр дүнтэй яриа хэлэлцээ хийхийг тэсэн ядан хүлээж байна хэмээн хэлэв. Уулзалтын үеэр Э.Блинкен Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчян таалал төгссөнд эмгэнэл илэрхийлжээ.


Ван И-гийн гурван өдрийн айлчлал нь стратегийн өрсөлдөгч улсууд хямрал мөргөлдөөн гарахаас зайлсхийхийн тулд санал зөрөлдөөнөө зохицуулах чиглэлд өрнүүлж буй дипломат ажиллагааны нэг хэсэг юм. Уг айлчлал нь мөн 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх зорилготой ажээ.


Э.Блинкен, Ван И нар баасан гарагт хэлэлцээгээ үргэлжлүүлнэ. Ван И мөн өдөр АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливантай уулзах төлөвтэй байна. Тэрбээр Цагаан ордонд Ж.Байдентай ярилцах төлөвтэй байгаа боловч энэ уулзалт болох эсэх нь тодорхойгүй байна.


Хоёр том эдийн засгийн хоорондох ширүүн өрсөлдөөн, түүнчлэн худалдаа, Тайвань, Өмнөд Хятадын тэнгис зэрэг олон асуудлаарх санал зөрөлдөөн нь сөргөлдөөн болон хувирахаас урьдчилан сэргийлэхийг Ж.Байдены засаг захиргаа чухалчилсаар ирсэн юм. 


Бээжин, Вашингтон хоёрын аль аль нь хамтран ажиллах боломжтой салбаруудыг эрэлхийлэх тухай ярьж, Хятад улс дэлхийн хэмжээнд тулгарч буй сорилтыг даван туулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байна гэж Ши Жиньпин лхагва гарагт мэдэгдсэн боловч хоёр талын харилцаанд тэр даруйдаа ахиц дэвшил гарна гэдэгт шинжээчид эргэлзэж байна.

 



Связанные новости