Төлөөлөгчдийн танхимын даргад нэр дэвшигчийг тодруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-10-25 15:49:18

ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 25 /CNN/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын гишүүдийн дунд мягмар гаргийн орой явуулсан нууц санал хураалтаар Майк Жонсоныг спикерийн суудалд нэр дэвшүүлэхийг дэмжжээ. 


Өдгөө 51 настай М.Жонсоныг 128 гишүүн дэмжсэн бөгөөд одоо түүнийг Төлөөлөгчдийн танхимын даргаар сонгохын тулд тус танхимын нийт гишүүдийн дунд санал хураалт явуулна. Радиогийн хөтлөгч асан тэрбээр спикерээр сонгогдоход шаардлагатай 217 гишүүний дэмжлэгийг авахын тулд Конгрессын доод танхимыг хянадаг бүгд найрамдахчуудын дунд үүссэн санал зөрөлдөөнийг давж гарах ёстой.


Аравдугаар сарын 24-ний өдөр БНН-аас спикерийн сонгуульд нэр дэвшсэн Конгрессын гишүүн Том Эммер энэ албан тушаалын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татсан юм. Т.Эммерийг нэр дэвшүүлсний дараа БНН-ын бүлэг түүнийг Төлөөлөгчдийн танхимын бүх гишүүдийн санал хураалтад дэмжихгүй гэдгээ мэдэгджээ. Ийм учраас Төлөөлөгчдийн танхимын даргаар сонгогдох боломж түүнд бараг байхгүй юм. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп мөн адил Т.Эммерийн нэрийг дэвшүүлэхийг эсэргүүцжээ.


Аравдугаар сарын 3-нд Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккартиг албан тушаалаас нь огцруулж, Патрик Макхенриг түр спикерээр томилсон билээ.


Конгрессын гишүүн Стив Скализ, Жим Жордан нар уг албан тушаалд өрсөлдсөн боловч хангалттай дэмжлэг авч чадаагүй юм. Харин Төлөөлөгчдийн Танхимд цөөнхийн суудал эзэлдэг Ардчилсан намынхан нэр дэвшигч Хаким Жеффрисийг санал хураах бүрд дэмжиж байлаа.


Шинэ спикерийг сонгох хүртэл Төлөөлөгчдийн танхим төсөв хэлэлцэх, хууль батлах боломжгүй бөгөөд тухайлбал, Украин, Израилд үзүүлэх тусламжийн санхүүжилтийг шийдэж чадахгүйд хүрнэ. 


Төлөөлөгчдийн танхимын спикер бол АНУ-ын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч ба дэд Ерөнхийлөгч ямар нэг шалтгаанаар үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх гурав дахь том албан тушаал юм.






Связанные новости