Hyundai компани Саудын Арабад үйлдвэр байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-10-23 14:48:24

СӨҮЛ, 2023 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч хамгийн том компани болох Hyundai Motor Ойрхи Дорнодод автомашин угсрах үйлдвэр байгуулахаар Саудын Арабын төрийн хөрөнгө оруулалтын сантай /PIF/ хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурсан талаараа өнөө өглөө мэдэгдлээ.


Эр-Рияд хотноо ням гарагт гарын үсэг зурсан уг гэрээний дагуу Саудын Арабын баруун бүс дэх Хаан Абдуллагийн эдийн засгийн хотод үйлдвэр байгуулахын тулд хоёр тал 500 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулах бөгөөд 2026 оны эхний хагаст үйлдвэрлэлийг эхлүүлэх зорилго дэвшүүлжээ.


Ийм хэлэлцээр байгуулсан талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Саудын Арабад төрийн айлчлал хийх үеэр мэдэгдсэн байна. Энэхүү үйлдвэр нь Ойрхи Дорнод дахь Hyundai-гийн анхны автомашины үйлдвэр болох юм. Уг үйлдвэр жилд 50 мянган цахилгаан болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай байх ажээ. Хамтарсан компанийн 70 хувийг PIF, үлдсэн 30 хувийг Hyundai компани эзэмшинэ.


Саудын Арабын Засгийн газар Saudi Vision 2030 стратегийн хөтөлбөрийнхөө хүрээнд Персийн булангийн тус улсыг газрын тосны салбараас ихээхэн хамааралтай байдлыг багасгахын зэрэгцээ өсөлтийн хөшүүргийг төрөлжүүлэхийг зорьж байгаа тул автомашин үйлдвэрлэлийг идэвхтэй дэмжиж байгаа ажээ.



Связанные новости