Багануурын нүүрсний ордын нөөц 800 сая тонн болж өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-10-06 17:29:13

“Багануурын нүүрсний ордын нарийвчилсан хайгуул, нөөцийн үнэлгээ хийх” төслийн тайланг ЭХЯ-д өнөөдөр хүлээлгэж өглөө. 

Багануурын ордод хайгуулын ажил өмнө нь 1974-1975 онд “хайгуулын”, 1988-1989 онд “гүйцээх хайгуулын” нэрээр хийжээ. Харин “нэмэлт хайгуулын” ажил  уурхай ашиглалтад орсноос хойш 40 орчим жилийн дараа уурхайн өргөтгөл шинэчлэлийн техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэх хүрээнд хийж буйгаараа онцлогтой.

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Уул Уурхайн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтыг Дэмжих төслийн хүрээнд зарласан “ТЭЗҮ боловсруулах суурь өгөгдлийг бэлтгэх зорилгоор Багануурын нүүрсний ордын нарийвчилсан хайгуул, нөөцийн үнэлгээ хийх” ажлыг “Эрдгео” ХХК (Монгол) болон “Norwest” (АНУ) компаниуд хамтран гүйцэтгэжээ.

Ордын нөөц бодолтыг Монгол Улсын A, B, C болон Олон улсын JORC стандартуудын дагуу гүйцэтгэсэн нь цаашид Багануур ХК олон улсын хөрөнгийн бирж дээр гарах анхны алхам хэмээн мэргэжилтнүүд тодотгов. Ашиглалт эхэлснээс хойшхи бүх хайгуул, олборлолтын үр дүнг нэгтгэж 2015 оны байдлаар Багануурын ордын бодит байдлыг тооцоолсноор  нөөц нь  800 гаруй сая тонн болжээ.Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл тайланг хэлэлцэн хүлээн авсан байна.

Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл нь дэд бүтцийн төслүүдийг боловсруулж хэрэгжүүлэх дотоодын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой юм. Төслийн тайланг хүлээж авах баримт бичигт ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Уул уурхайн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Төслийн зохицуулагч Б.Энхбаатар, Эрдгео ХХК-ийн захирал Ж.Дашхорол нар гарын үсэг зурлаа.

Связанные новости
Комментарии