Испани, Шотланд, Туркийн шигшээ багууд ЕВРО-2024-ийн эрхээ авлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ОСЛО, 2023 оны аравдугаар сарын 16 /TASS/. Испанийн шигшээ баг 2024 оны Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Норвегийн багийг талбайд нь 1:0 оноогоор буулган авлаа. Тоглолт Осло хотноо болжээ.
Испанийн хагас хамгаалагч Гави тоглолтын 49 дэх минутад гоолдсон бол испаничуудын 20 дахь минутад оруулсан гоолыг видео туслах шүүгч (VAR) тооцоогүй байна. Энэ гоолыг довтлогч Альваро Мората оруулжээ.
А хэсгийн чансаанд Испани, Шотландын багууд 6 тоглолтонд 15 оноо авсан бол испаничууд нэмэлт үзүүлэлтээр хэсгээ тэргүүлж байна. Харин 7 тоглолтын дараах байдлаар 10 оноотой гуравдугаарт бичигдэж буй норвегичуудын хувьд дээрх хоёр багийг гүйцэх боломжгүй болжээ. Одоо урьдчилсан шатны тоглолтууд дуусахад ганцхан тойрог үлдээд байгаа тул испаничууд, шотландчууд хоёрдугаар байраас буухгүй нь тодорхой.
Латвийн багийг талбайдаа хожсоноор (4:0) Туркийн баг мөн ЕВРО-2024 тэмцээнд оролцох эрхээ авч, 7 тоглолтын дараах байдлаар 16 оноотой боллоо. D хэсгийн өөр нэгэн тоглолтод Уэльсийн шигшээ баг талбайдаа Хорватын багийг (2:1) буулган авлаа. Одоо Туркийн баг ямар ч тохиолдолд хоёрдугаар байраас доошлохгүй бөгөөд хоёр, гуравдугаарт бичигдэж буй уэльсчүүд, хорватчууд тус бүр 10 оноотой байна.
Өмнө нь Бельги, Португал, Францын шигшээ багууд ЕВРО-2024-д оролцох эрхээ аваад байгаа билээ. Сонгон шалгаруулалтын хэсэг тус бүрээс эхний хоёр байраар гарсан багууд тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно. Үлдсэн оролцогчдыг Үндэстнүүдийн лигийн плей-оффын тоглолтуудын дүнгээр тодруулах юм.