Польшийн эрх баригч нам парламентад 200 суудал авах төлөвтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАРШАВ, 2023 оны аравдугаар сарын 16 /PAP/. Польшийн эрх баригч “Хууль ба шударга ёс” нам /PiS/ парламентын доод танхим болох Сеймд 200 суудал авах төлөвтэй байгааг сонгогчид саналаа өгсний дараа явуулсан санал асуулгын дүн харууллаа.
Мягмар гарагт танилцуулах сонгуулийн албан ёсны дүнгээр дээрх дүн баталгаажвал эрх баригч нам парламент дахь хамгийн том нам болох хэдий ч олонх болоход шаардлагатай 231 суудлыг авч чадахгүй гэсэн үг юм. Харин хамгийн нөлөө бүхий сөрөг хүчин болох Иргэний эвсэл 163 суудал авах төлөвтэй байгаа бол “Гурав дахь зам”, “Шинэ Зүүн” намууд тус тус 55, 30 суудал авна гэж "Ipsos" судалгааны байгууллагын санал асуулгын тайланд дурджээ. Түүнчлэн барууны үзэл баримтлалтай Холбооны нам 12 суудал авах төлөвтэй байна.
Ингэснээр сөрөг хүчний намууд нийт суудлынхаа тоогоор засгийн газрыг эмхлэн байгуулж магадгүй байна. Эрх баригч “PiS” намын оролцоогүйгээр засгийн газрыг эмхлэн байгуулахын тулд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа сөрөг хүчний удирдагчид илэрхийлжээ. “PiS” нам найман жилийн турш засгийн эрх барьсан бөгөөд сонгуульд гурав дахь удаагаа ялахыг эрмэлзэж байгаа юм.
Засгийн газрыг эмхлэн байгуулах “PiS” намын оролдлогын тухайд, Барууны нэгдсэн эвсэл дэх жижиг холбоотнуудаас өөр нам хамтран ажиллахаа илэрхийлээгүй байгаа тул хүндрэлтэй тулгарч магадгүй байна. Аль нэг нам илт давуу ялаагүй тохиолдолд намууд засгийн газрыг эмхлэн байгуулахын тулд хэлэлцээ хийх шаардлагатай болно.
Польшийн Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч Анджей Дуда сонгууль явагдсаны дараах 30 хоногийн дотор шинэ парламентын эхний хуралдааныг зарлах ёстой. Үүний дараа тэрбээр Ерөнхий сайдыг 14 хоногийн дотор томилно.