Хориотой хугацаанд самар түүсэн иргэдээс 7.5 тонн самрын хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-09-19 18:47:38

9 сарын 10-аас самрын хорио албан ёсоор тавигдсан ч “хулгайгаар” самар түүсэн иргэд харин модноос буун ирж байна. Өөрөөр хэлвэл иргэд эдийн засгийн хямралаар шалтгаалан 8 сар гарангуут хууль бусаар самар түүж эхэлсэн ба өдгөө самрын нөөц эрс багассан төдийгүй цаг агаар хүйтэрч эхэлсний улмаас модноос бууж байгаа юм.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/166 дугаар тушаалаар “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах, журам”-ыг баталж, хуш модны самрыг 10 дугаар сарын 15-аас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ хэмээн заасан байдаг. Гэвч энэ жил айл өрхийн орлого буурч, ажилгүйдэл ихэсч байгаатай холбогдуулан сайдын тушаалаар 9 сарын 10-нд самрын хориог цуцлах шийдвэр гаргасан.

Харин иргэдийн хувьд самрын болц гүйцээгүй, боргоцой нь давирхайтай байхад зориулалтын бус арга хэрэглэн түүж, хуш модыг гэмтээж байгаа юм. Аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ой бүхий Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Зүүнбаян-Улаан сумдад хяналт шалгалтын постыг ажиллуулж, байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчид, Ой ангийн ажилтнуудад үүрэг чиглэл өгөн хяналт тавьж байсан бөгөөд хориотой хугацаанд самар түүсэн 915 хүнд 1 сая 920 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 71 машин, 181 мотоцикль, 570 шуудай буюу ойролцоогоор 7,5 тн самрыг хураан авчээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Связанные новости