В.Зеленский Батлан хамгаалахын сайд О.Резниковыг огцруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КИЕВ. /Reuters/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Батлан хамгаалахын сайдаа огцруулах шийдвэр гаргаснаа ням гаргийн орой мэдэгдлээ.
Ингэснээр тэрбээр 2022
оны хоёрдугаар сард Орос улс халдан довтолсноос
хойш Украины батлан хамгаалахын салбарт томоохон өөрчлөлтийг хийж эхэллээ.
В.Зеленский
ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ,
Батлан хамгаалахын сайд Олексий Резниковыг огцруулж, түүний оронд тус улсын Төрийн өмчийн сангийн тэргүүн
Рустем Умеровыг томилох хүсэлтийг энэ долоо хоногт парламентад хүргүүлнэ гэж
мэдэгджээ.
2021 оны 11 дүгээр
сараас хойш Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаа О.Резников өрнөдийнхнөөс олон тэрбум долларын цэргийн тусламж авахад гол үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр өөрийг нь БХЯ-тай холбоотой хээл хахуулийн хэрэгт холбогдуулж байна гэж
үзэж байгаа аж.
Энэ шийдвэр нь В.Зеленскийн
онцлон анхаарч буй Украин
дахь авлигын эсрэг тэмцлийн үетэй
давхцаж байна. Киев Европын холбоонд элсэх хүсэлт гаргасан бөгөөд дайн үргэлжилж
байгаа энэ үед авлигын асуудалд олон нийт маш эмзэглэж байгаа юм.
"Би Украины Батлан хамгаалахын сайдыг солихоор шийдлээ. О.Резников 550 гаруй хоногийн
турш дайныг тууллаа. Тус яамны цэрэг-армийн ажиллагаанд болон нийгэмтэй
харилцах харилцаанд шинэ хэлбэр, арга барил хэрэгтэй гэж би бодож байна" гэж В.Зеленский хэлжээ.
В.Зеленский
парламент Р.Умеровын томилгоог батална гэж найдаж байгаагаа хэлээд Р.Умеровын талаар "ямар нэгэн нэмэлт
танилцуулга хэрэггүй" гэж нэмж хэлэв.
В.Зеленский Р.Умеровын нэрийг дэвшүүлэх хүсэлтээ парламентад өргөн барих ёстой. Крымын татар гаралтай 41 настай Р.Умеров парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд 2022 оны есдүгээр сараас хойш Украины Төрийн өмчийн санг удирдаж байгаа юм.