VOA: Монгол дахь сүсэг бишрэлийн олон талт байдал, нийцэл зохицлыг онцлов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-09-03 20:16:00

УЛААНБААТАР. /VOA/. Пап Францис ням гарагт Монголын бөөгийн шашинтнууд, буддын лам нар болон Оросын Үнэн алдартны шашны санваартан нарын хамтаар дэлхийд энх тайвныг тогтооход шашны гүйцэтгэх үүргийн талаар онцлон ярилцаж, олон шашныг тэвчих монгол уламжлалыг илтгэн харуулсан шашин хоорондын уулзалтыг удирдан явууллаа. 


Францис 10 гаруй шашны удирдагчид, тодруулбал, еврей, мусульман, бахай, хиндү, шинто болон евангелист христийн шашинтнууд өөрсдийн итгэл үнэмшил, бурхантай харилцах харилцааны талаар тайлбарлан ярихыг нь анхааралтай сонсов. Монголын уламжлалт гэр нь гэр бүлийн эв нэгдлийн халуун дулаан газар, бурхдад нээлттэй, харь элгийнхнийг ч хүлээн авдаг эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон тэнгэрлэг газар гэдгийг тэдний зарим нь хэллээ.


Нийслэл Улаанбаатар хотын Хүн театрт болсон шашин хоорондын арга хэмжээ нь Францисын Монгол Улсад хийж буй анхны түүхэн айлчлалын үеэр болж байгаа юм. Тэрбээр дэлхийн католик шашинтнуудын хамгийн цөөн тоотой, хамгийн шинэ нийгэмлэгт зочилж, тус улсын хөрш Хятад, Оростой харилцах Гэгээн Ширээт Улсын харилцаа хурцадмал байсаар ирсэн бүс нутагт Монголын шашны зан заншлыг онцлон тэмдэглэхээр энэ улсад иржээ.


Католик шашны "Aid to the Church in Need" байгууллагын статистик мэдээлэлд дурдсанаар, Монголын хүн амын 53 хувь нь буддын шашинтан, 39 хувь нь шашингүй үзэлтэн, 3 хувь нь мусульман шашинтан, 3 хувь нь бөөг шүтдэг, 2 хувь нь христийн шашинтан байна.


Ням гаргийн орой Францис нийслэл хотын спортын цэнгэлдэх хүрээлэнд болох мөргөлийг удирдан явуулах бөгөөд Ватиканы мэдэгдсэнээр энэ арга хэмжээнд Хятадаас ирсэн мөргөлчид ч оролцоно. Бямба гарагт түүний сүмд хийсэн уулзалтад Шинжаанаас ирсэн хятад сүсэгтнүүдийн жижиг бүлэг оролцсон байна. Папын машин хажуугаар нь өнгөрөх үед тэд Хятадын төрийн далбааг өргөн “Хятадын ард иргэд танд хайртай хэмээн хашгирч байжээ.


Ватикан-Хятадын харилцаа ээдрээтэй болсон, мөн шашны цөөнхийн эсрэг авч буй Бээжингийн арга хэмжээ нь Монгол ба түүний 1450 католик шашинтанд анхаарлаа хандуулах зорилго бүхий Папын айлчлалын ар дахь ерөнхий дүр зураг болж байна. Эх газрын Хятадаас нэг ч хамбыг Монголд зорчихыг зөвшөөрөөгүй бол Азийн бусад орны хорь гаруй хамба лам мөргөлчдөө дагуулан иржээ. 


Харин Хонконгийн кардиналаар сонгогдсон Стивен Чоу Монголд 40 мөргөлчийн хамт ирсэн бөгөөд тэрбээр энэ тухайд "бүх нийтийн сүмийн хамрах хүрээг онцлон харуулсан үйл явдал боллоо" гэлээ. Гэхдээ тэрбээр эх газрын Хятадын кардиналууд ирээгүй талаар ярихаас татгалзаж, харин Францис болон Азийн сүмийг зорин Монголд хийж буй түүний айлчлалын ач холбогдлыг чухалчиллаа.


“Азийн сүм ч мөн өргөжин тэлж байна гэж би боддог. Гэхдээ Африкийнх шиг хурдтай биш – Африкийнх бол хурдацтай тэлж байна - гэсэн хэдий ч Азийн сүм ч мөн адил бүх нийтийн сүмд чухал үүрэг гүйцэтгэх ёстой” гэж тэрбээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хэлсэн юм.


Эх сурвалж: Pope Highlights Mongolia's Faith Diversity, Harmony - VOA

 



Связанные новости