Дахин хоёр цогцсыг Израилд хүлээлгэн өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны аравдугаар сарын 22 /DW/. ХАМАС бүлэглэл барьцаанд байхдаа амиа алдсан дахин хоёр хүний цогцсыг Израилын талд шилжүүлэн өгчээ.
“Израилын Батлан хамгаалах армийн (IDF) цэргүүдийн хамгаалалтан дор хоёр шарилыг Израилын хилээр дөнгөж сая нэвтрүүллээ” гэж IDF мягмар гаргийн орой мэдээлжээ. Шарилуудыг Тель-Авив дахь Үндэсний шүүх эмнэлгийн хүрээлэнд хүргэж, талийгаачдын гэр бүлийнхнийг байлцуулан таних ажиллагаа явуулсан байна.
Дараа нь Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн тамгын газраас мэдээлэхдээ, хүлээлгэн өгсөн цогцсууд нь 85 настай Арье Залманович гэдэг эрэгтэйнх болохыг тогтоосон бол гэр бүлийнхэн нь зөвшөөрөөгүй тул нөгөө цогцос нь хэнийх болохыг одоогоор зарлаагүй байна. “The Times of Israel” сонинд мэдээлснээр, Залмановичийг 2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС-ын дайралтын үеэр гэрээс нь хулгайлж, барьцаалжээ. Тэрбээр 2023 оны 11 дүгээр сарын 17-нд барьцаанд байхдаа нас барсан гэж шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтээс эш татан тус сонинд бичсэн байна.
ХАМАС-т одоогоор 13 хүний цогцос үлдээд байна. Аравдугаар сарын 10-нд гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлснээс хойш нийт 15 хүний цогцсыг Израилд хүлээлгэн өгчээ. Тус бүлэглэл цогцсуудыг хүлээлгэн өгөх ажиллагаа удааширч буйн шалтгааныг тайлбарлахдаа “цогцсууд Израилын бөмбөгдөлтөөр сүйдсэн барилга, хонгилуудын нурангин дор байгаа тул олж гаргахад хэцүү, тусгай тоног төхөөрөмж шаардлагатай” гэж мэдэгдсэн байна.
Гал зогсоох хэлэлцээрийн дагуу ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын 13 гэхэд амьд үлдсэн 20 хүнийг, амиа алдсан 28 хүний цогцсыг гурван хоногийн дотор хүлээлгэн өгөх ёстой. Одоогоор зөвхөн эхний нөхцөлийг л бүрэн биелүүлээд байна.
Хоёр хоногийн өмнө Израилын арми ХАМАС-ыг цэргүүд рүү нь халдаж хоёр цэргийн аминд хүрсэн гэж буруутгасны дараа гал зогсоох хэлэлцээр зөрчигдөх эрсдэлд орсон юм. Үүний хариуд Израилын тал Газын зурвас дахь ХАМАС-ын хэдэн арван байгууламжид цохилт өгч, хүмүүнлэгийн тусламж хүргэх ажиллагааг 10 дугаар сарын 20-ны өглөөг хүртэл түр зогсоосон байна.