AP: Пап Францис Чингис хааны үеэс улбаатай шашны эрх чөлөөг сайшаалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
УЛААНБААТАР. /AP/. Пап Францис бямба гарагт Ази тивийн Монгол Улсад хийж буй анхны айлчлалаа эхлүүлж, тус улсыг үндэслэгч Чингис хааны үеэс улбаатай шашны эрх чөлөөний уламжлалыг өндрөөр үнэлэв.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй төрийн ордон дотор сүндэрлэх уламжлалт монгол гэрт уулзаж, хүндэт зочны дэвтэрт бичихдээ “эртний түүхтэй хэдий ч идэр залуу, баялаг уламжлалтай, орчин цагийн” Монгол Улсад энх тайвны мөргөлчийн хувиар айлчлан ирсэндээ баяртай байгаагаа" илэрхийллээ.
Франсис 1450 гишүүнтэй
католик шашны цомхон нийгэмлэгт урам зориг өгч, удаан
хугацааны турш харилцаа муутай байсан Оростой хойд талаараа, Хятадтай өмнөд
хэсгээрээ хиллэдэг Монголд дипломат айлчлал хийж буй юм.
Тус бүс нутагт
Христийн шашин хэдэн зуун жилийн турш оршин тогтнож ирсэн бол 1992 онд Монгол
Улс Зөвлөлтийн холбоотон коммунист засгийн газрыг таягдан хаяж, шашин шүтэх эрх чөлөөг Үндсэн хуулиндаа тусгаснаас хойш Католик сүм Монголд үйл
ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Франсис
хэлсэн үгэндээ, Монголын шашин шүтэх эрх чөлөөний уламжлалыг өндрөөр үнэлж,
Монголын эзэнт гүрэн дэлхийн ихэнхийг байлдан дагуулж байсан тэр үед ч ийм үзэл санаа оршсоор ирсэн гэдгийг онцлов. Монголын их гүрэн оргил үедээ Унгар хүртэл
баруун тийш өргөжин тэлж,
дэлхийн түүхэн дэх хамгийн том хуурай газрын эзэнт гүрэн болж байсан түүхтэй. Өдгөө
Орос, Хятад хоёрын дунд оршдог далайд гарцгүй энэ улсын хүн амын ихэнх нь буддын шашин шүтдэг.
“Танай эзэнт гүрэн тийм хол, тийм
олон янзын газар нутгийг хамарч, тэр их уудам нутаг дэвсгэр дээрх олон ард
түмний онцгой авьяас чадварыг үнэлж, улс иргэнийг засан тохинуулах их албанд
тохоон томилж байсан явдал бол танай өвөг дээдсийн гайхамшигт чадварын гэрч юм. Энэхүү арга ухаан бидний цаг
үед ч үнэ цэнтэй хэвээр байгаа бөгөөд сэргээн хэрэглэх боломжтой” гэж Францис Ерөнхийлөгч, дипломатчид болон төрийн ордонд
цугласан шашны тэргүүн нарт хандан хэллээ.
13-р зууны үед худалдаа, аялал жуулчлал цэцэглэн хөгжих боломжийг олгож байсан Монголын эзэнт гүрний үед улс төрийн байдал харьцангуй тогтвортой байсныг дурдаад, ахан дүүгийн барилдлагатай, тайван амгалан ийм үеийг өнөөдрөөс эхлэн бий
болгохыг уриалав.
Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхий ертөнцийг тэнгэр
ивээж, “Монголын их амар амгалан” цогцолж, аливаа зөрчил тэмцэл үгүй болсон
байсан тэр нэгэн цаг үе шиг олон улсын хууль эрхзүйн хэм хэмжээг хүндэтгэн
дээдэлж байх болтугай хэмээн тэрбээр
хэллээ.
У.Хүрэлсүх хэлсэн
үгэндээ мөн “Монголын их амар амгалан”-гийн талаар дурдаад, дэлхийн тавцанд энх
тайванч, олон талт яриа хэлэлцээг чухалчлагч болох Монгол Улсын хүчин
чармайлтыг өнөөг хүртэл чиглүүлж байгааг онцоллоо. “Монголын их амар амгалан”-г
тогтоосноор дэлхийн янз бүрийн үндэстнүүд бие биеэ харилцан хүндэтгэх, бие
биенийхээ үнэт зүйл, өвөрмөц онцлогийг эрхэмлэн дээдлэх, янз бүрийн соёл иргэншлүүд
энх тайвнаар зэрэгцэн орших боломжийг бүрдүүлэх баттай үндэс суурийг
бүрдүүлсэн” гэж тэрбээр хэлэв.
Пап Францис 1246 онд Монголын эзэнт гүрний хаан
Гүюгээс Пап
лам IV Иннокент-д илгээсэн
захидлын албан ёсны хуулбарыг
Ерөнхийлөгчид гардуулан өгч байгаагаа тэмдэглэн хэлэв. Франсис мөн байгаль орчныг
хамгаалах чиглэлд гаргаж буй Монгол
Улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэлжээ. Эрс тэс уур амьсгалтай, далайд гарцгүй өргөн уудам нутагтай энэ улс уур амьсгалын
өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй орнуудын нэг юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн мэдээлэлд дурдсанаар, тус улсад сүүлийн 70 жилийн хугацаанд
дундаж температур цельсийн
2.1 хэмээр нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрч, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас газар нутгийн 77 хувь нь хөрсний доройтолд оржээ.
Монгол Улс 2026 онд НҮБ-ын цөлжилтийн асуудлаарх бага
хурлыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд уудам тал хээр, уулархаг нутагтаа 1
тэрбум мод тарих аяныг эхлүүлээд байна. “Энэ бүхэн нь
загалмайтны шашинтан бидний Бурхны бүтээл, түүний өгөөмөр сэтгэлийн үр шим болох байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хүндэтгэн талархаж, экологийн хариуцлагатай бөгөөд алсын хараатай бодлого, энэрэн нигүүлсэх соёл суртлыг
баримтлан хүнээс үүдэлтэй хор хөнөөлийн эсрэг тэмцэхэд та бүхэн тусалж байгаа хэрэг юм” гэж Францис хэлэв.
Мөн Пап Францис
авлигатай тэмцэхийн ач холбогдлыг онцоллоо. Авлига, хээл хахууль нь
бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх хэрэглээг чухалчилсан, ёс суртахуунгүй
сэтгэлгээнээс үүдсэн уршиг урхаг бөгөөд амин хувийн ашиг сонирхлоо бодож,
олноос зожгирч, тэнгэр өөд харах эрхгүй болж, ах дүүгийн өргөн харилцаанаас
ангижран одохын цондон болдог юм. Харин шашин шүтлэг нь ямар ч нийгмийн хөгжилд ноцтой аюул занал учруулдаг авлига хээл хахуулийн далд
хөнөөлөөс хамгаалж байдаг хэмээв.
Монгол Улсын
Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаад байна. Өнгөрсөн онд
Монгол Улс “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас гаргадаг авлигын индексээр
116 дугаарт бичигдсэн ба өдгөө авилгатай
тэмцэх таван хэсэг бүхий төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаагаа зарласан юм.
Бямба гаргийн
орой Франсис Улаанбаатар хот дахь Гэгээн Петр, Паулын сүмд тус улсын католик
шашны цомхон жижиг нийгэмлэгт санаа тавьдаг санваартнууд, номлогчидтой уулзах ажээ.
Эх сурвалж: Pope starts Mongolia visit by praising the country’s religious freedom dating back to Genghis Khan - AP