Беларусьт болох хээрийн сургуульд Монголын ажиглагчдыг урьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА.
/ТАСС/. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын
/ХАБГБ/гишүүн орнууд Беларусьт болох гэж буй “Дайчин нөхөрлөл -2023” цэргийн
сургуулилалтад Саудын Араб, Иран, БНХАУ, Монголын төлөөлөгчдийг ажиглагчийн
хувиар оролцохыг урьсан байна. Энэ тухай ХАБГБ-ын Нэгдсэн штабын дарга, хурандаа
генерал Анатолий Сидоров мэдэгдлээ.
Түүний ярьснаар, одоо Бүгд Найрамдах Тажикистан улсын
нутагт болж буй “Эвдэршгүй нөхөрлөл” хээрийн сургуульд ажиглагчдыг урьж оролцуулах
асуудлыг зөвшилцөж байгаа ажээ.
9 дүгээр сарын 1-нээс 6-ны өдрүүдэд Беларусь улсын
нутагт болох “Дайчин нөхөрлөл -2023” оператив-стратегийн сургуулилалтын явцад
нисгэгчгүй онгоцуудыг байлдааны ажиллагаанд өргөнөөр ашиглах, тэдгээрийг эсрэг
тал ашиглах боломжийг хязгаарлах хувилбаруудыг боловсруулах ажээ. Түүнчлэн радио электрон ажиллагааны хувилбар
гэх мэт бусад олон асуудал бий гэдгийг генерал Сидоров дурдлаа.
“Дайчин нөхөрлөл -2023” сургуулилалтын хүрээнд хэд хэдэн хамтарсан тусгай хээрийн сургуулийг явуулах ажээ. Тухайлбал, “Харилцан ажиллагаа – 2023” хээрийн сургуулийн явцад ХАБГБ-ын Дорнод Европын бүс нутагт хямралт нөхцөл байдал үүссэн тохиолдолд түүний зохицуулахын тулд гишүүн орнуудын хүч хэрэгслийг ашиглах хувилбарыг боловсруулна. Мөн “Эрэн хайлт -2023” хээрийн сургуульд тагнуулын бүлгүүд, “Цуваа-2023”-д ар талын анги нэгтгэлүүд оролцох бол “Саад-2023” сургуулилалтад цацраг, химийн ба биологийн хамгаалалт, эмнэлгийн хангалтын системийг хамтран бий болгох юм.