Э.Мнангагва Зимбабвегийн Ерөнхийлөгчөөр дахин сонгогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-08-27 11:41:38

ХАРАРЕ. /DW/. Зимбабвегийн Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва энэ долоо хоногт болсон ерөнхийлөгчийн сонгуульд 52.6 хувийн санал авч ялалт байгуулжээ. Сонгуулийн үеэр хууль зөрчсөн үйлдэл олонтаа гарсныг сөрөг хүчин болон олон улсын ажиглагчид шүүмжилсээр байсан юм.


“ZANU-PF” намаас нэр дэвшсэн Эммерсон Мнангагва Бүгд Найрамдах Зимбабве Улсын ерөнхийлөгчөөр сонгогдлоо” гэж тус улсын Сонгуулийн хорооны дарга Жастис Чигумба хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Харин түүний гол өрсөлдөгч Нельсон Чамиса 44 хувийн санал авсан байна.


Н.Чамиса сөрөг хүчний “Өөрчлөлтийн төлөөх иргэний эвслийг” тэргүүлдэг. Тус намын хэвлэлийн төлөөлөгч “X” /хуучнаар “Twitter/ нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, “зүй зохистой баталгаажуулалтгүйгээр яаран цуглуулсан аливаа дүнг” хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаагаа илэрхийлжээ.


Өмнөд Африкийн энэ улсад инцляц, валютын ханшийн уналт, ажилгүйдэл зэрэг асуудлууд олон жилийн турш хуримтлагдсан тул энэ удаагийн сонгууль нь эдгээр асуудлыг шийдвэрлэхэд нэн чухал ач холбогдолтой байлаа.


Сонгуулийн үеэр юу болов?

Сонгуулийн ажиглагчдын зүгээс энэ долоо хоногийн санал хураалтын явцад эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.


Сонгууль ердөө ганцхан өдөр буюу лхагва гарагт явагдах байсан ч саналын хуудас хэвлэхэд асуудал гарсны улмаас санал хураалтыг пүрэв гарагт үргэлжлүүлэн сунгажээ.


Европын Холбооны ажиглагчдын хувьд сонгууль “айдас” дунд болсон гэж мэдэгдсэн байна. Сонгогчдын ирц 69 хувьтай байжээ.


Лхагва гаргийн орой цагдаа нар орон нутгийн ардчиллыг дэмжигч төрийн бус байгууллагуудад ажиллаж байсан сонгуулийн 41 ажиглагчийг баривчилж, компьютер, гар утсыг нь хураан авчээ. Цагдаа нар тэднийг сонгуулийн хэсгийн дүнг “хууль бусаар” гаргасан гэж буруутгасан байна.


Эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд төрийн байгууллагуудыг ашиглаж байна уу?

Өдгөө 80 настай Э.Мнангагваг догшин хэрцгий зан авиртай нь холбогдуулан “матар” гэж хочилдог. 2017 онд болсон цэргийн эргэлтээр түүний өмнөх Ерөнхийлөгч, олон жилийн турш улс орныг удирдсан Роберт Мугабег түлхэн унагаасны дараа тэрбээр засгийн эрхийг гартаа авсан юм.


Гэвч түүний харьяалагддаг “ZANU-PF” нам 43 жилийн турш засгийн эрхийг барьж байгаа бөгөөд төрийн байгууллагуудыг ашиглан сонгуулийг өөртөө ашигтай байдлаар эргүүлж будилаантуулдаг хэмээн тус намыг байнга буруутгадаг.


2018 онд болсон ерөнхийлөгчийн сонгуульд Э.Мнангагва, Н.Чамиса нар мөн өрсөлдсөн юм. Тухайн үед санал хураалтыг будилаантуулсан гэж сөрөг хүчнийхний зүгээс мэдэгдэж байсан боловч Үндсэн хуулийн шүүх сонгуулийн дүнг хэвээр үлдээсэн байна. 

Связанные новости