Н.Моди, Ши Жиньпин нар хилийн маргааныг шийдвэрлэх асуудлыг хэлэлцлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЙОХАННЕСБУРГ. /Reuters/. Энэтхэгийн
Ерөнхий сайд Нарендра Моди, Хятадын
дарга Ши Жиньпин нар пүрэв гарагт Өмнөд
Африкийн Йоханнесбург хотноо
болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж, хоёр талын хооронд үүссэн хилийн маргааныг шийдвэрлэх чиглэлд ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгохоор тохиролцжээ.
Хималайн нурууны дагуу 3000 км үргэлжлэх Бодит хяналтын шугам дээр 2020 оны тавдугаар сард мөргөлдөөн дэгдэж байсан юм. Улмаар хоёр тал олон
мянган цэргээ хил рүү татсанаар 24 хүн амь үрэгджээ. Сөргөлдөөнийг
шийдвэрлэхийн тулд дипломатчид болон цэргийн удирдлагуудыг оролцуулсан 19 удаагийн яриа хэлэлцээ хийсэн ч дорвитой үр дүнд
хүрээгүй байна.
“Ерөнхий
сайд Н.Моди Хятад улсын дарга Ши
Жиньпинтэй ярилцахдаа маргаантай
бүстэй холбоотой шийдэгдээгүй асуудалд Энэтхэгийн тал санаа зовниж буйг онцлон тэмдэглэлээ. Үүнтэй холбогдуулан хоёр
улсын удирдагчид хурцадмал байдлыг намжаах чиглэлээр хүчин чармайлтаа
эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгахаар тохиролцлоо” гэж Энэтхэгийн Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Винай Кватра
хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
Н.Моди хил орчмын бүс нутагт энх тайван, амар амгалан байдлыг хадгалах, холбогдох дүрэм журмыг даган мөрдөн нь Энэтхэг, Хятадын харилцааг хэвийн болгоход чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэлээ. Өнгөрсөн жил Индонезид болсон “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний
уулзалтын үеэр хоёр орны удирдагчид мөн харилцан яриа өрнүүлсэн билээ.
.