Ирэх сараас Украины нисгэгчдийг АНУ-д сургаж эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-08-25 11:32:57

ВАШИНГТОН. /DW/. Ирэх 10 дугаар сард Украины нисгэгчдийг Ф-16 сөнөөгч онгоцыг жолоодоход сургаж эхэлнэ гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, бригадын генерал Патрик Райдер мэдэгдлээ.


9 дүгээр сард нисгэгчдэд зориулан англи хэлний сургалт явуулсны дараа 10 дугаар сард Аризона муж улсын Тусон хот дахь Үндэсний гвардын нисэх хүчний баазад Ф-16 сөнөөгч онгоцыг жолоодох сургалт эхэлнэ гэдгийг тэрбээр тодрууллаа.  


Харин сургалтанд хамрагдах Украины нисгэгчид ба техникийн ажилтнуудын тоог Райдер тодорхой хэлсэнгүй. Хэдийгээр Украины зарим нисгэгчид англи хэл мэддэг боловч тэд АНУ-д ирснийхээ дараа нэмэлт сургалтанд хамрагдаж, сөнөөгч онгоцоор дадлага хийхэд үед хэрэглэгдэх нарийн мэргэжлийн тусгай үг хэллэгүүдийг мэдэж авах ёстой гэдгийг Пентагоны хэвлэлийн төлөөлөгч дурдлаа.


Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар утсаар ярих үеэрээ Украины нисгэгчдийг Ф-16 сөнөөгч онгоцыг жолоодоход сургах талаар тохиролцсон юм. Түүнээс гадна, Нидерланд улсаас 42, Даниас 16 Ф-16 сөнөөгч онгоцыг Украинд өгөхөөр шийдвэрлэсэн тухай энэ сарын 20-ны өдөр Зеленский мэдэгджээ. 

Связанные новости