Элчин сайд Катрин Э.Ивкофыг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Э.Ивкофыг бүрмөсөн нутаг буцахтай нь холбогдуулан, энэ сарын 22-нд хүлээн авч уулзав.
Дэд сайд Г.Амартүвшин Элчин сайд К.Ивкофыг Монгол Улсад ажиллах хугацаандаа идэвх зүтгэл гарган, Монгол Улс, Канад Улсын “Өргөн хүрээтэй түншлэл”-ийг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь онцлоод Элчин сайдын цаашдын үйл хэрэгт нь өндөр амжилт хүсэв.
Элчин сайд К.Ивкоф Монгол Улсад томилогдон ажиллах хугацаандаа хоёр улсын улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн харилцааг гүнзгийрүүлж, хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж ажилласнаа дурдаад, дэмжлэг үзүүлж, ойр дотно хамтран ажилласан Гадаад харилцааны яамны хамт олонд талархал илэрхийлэв.
Мөн уулзалтын үеэр Элчин сайд К.Ивкофт Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгав.