ECOWAS-ын орнууд Нижерийн эсрэг цэргийн ажиллагаа явуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АБУЖА./DW/. Баруун Африкийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн (ECOWAS) гишүүн улсууд Нижерт Үндсэн хуулийн дэг журмыг сэргээн тогтоохын тулд тус улс руу цэрэг илгээхээр шийдвэрлэжээ. Энэ тухай пүрэв гарагт Нигери улсын нийслэл Абужа хотод болсон ECOWAS-ын тусгай дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаарх мэдэгдэлд дурдсан байна.
Тус нийгэмлэгийн гишүүн орнууд үймээнд нэрвэгдсэн Нижерийн асуудлыг дипломат арга замаар зохицуулахыг уриалсны зэрэгцээ "хариу үйл ажиллагаа явуулах цэргийн хүч"-ийг байрлуулна гэдгээ мэдэгдсэн байна. Цэргийн ажиллагааг явуулах цаг хугацаа болон бусад асуудал одоогоор тодорхойгүй байна. Дээд хэмжээний уулзалтын өмнөхөн Нижертэй холбоотой ECOWAS-ын аливаа үйл ажиллагааг Европын Холбоо дэмжиж
байгаагаа илэрхийлжээ.
Саммит болохын өмнө ECOWAS-ыг даргалагч, Нигерийн Ерөнхийлөгч Бола Тинубу хэлэхдээ "Бид дипломат
яриа хэлэлцээнд анхаарлаа хандуулах нь туйлын чухал. Ерөнхийлөгч М.Базумын эрх мэдлийг эргүүлэн өгөх нь чухал гэдгийг Нижерийн шинэ эрх баригчдад ятган үнэмшүүлэх хэрэгтэй” гэлээ.
Үүний сацуу тэрбээр "хамгийн сүүлчийн арга болох хүч хэрэглэх нь хэлэлцэх асуудлуудын жагсаалтаас хасагдаагүй" гэдгийг мэдэгдсэн юм. Гэхдээ ардчилал, тогтвортой байдлыг сэргээхийн тулд тайван замаар зохицуулах боломж шавхагдаагүй гэдгийг тэрбээр хэллээ.
"Хэрэв бид хийхгүй бол бидний өмнөөс өөр хэн ч үүнийг
хийхгүй" гэж Нигерийн ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ.
ECOWAS өмнө нь Нижерт үзүүлэх санхүүгийн тусламжаа
түр зогсоож, үймээнд оролцогчид болон тэдний
гэр бүлийнхэн, мөн төрийн эргэлт хийсэн цэргийнхний бий болгосон бүтцэд орж ажиллахыг зөвшөөрсөн
бүх хүний зорчих эрхийг
хязгаарлаж, хөрөнгийг царцаах болсноо мэдэгдсэн юм. Мөн хамтын нийгэмлэгийн гишүүн улсуудын хилийг хааж худалдаа арилжаа ба мөнгөн гүйлгээг түр зогсоосон байна.