Царцаагдсан мөнгөө авсны дараа Ираны тал америк иргэдийг суллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-08-11 13:19:43

ДУБАЙ./ТАСС/. Хоригдогсдыг солилцох хэлэлцээрийн дагуу шоронгоос гэрийн хорионд шилжээд буй АНУ-ын иргэдийг Иран улс суллана, гэхдээ манай улс царцаагдсан мөнгөн хөрөнгөнийхөө дансанд нэвтрэх боломжтой болсны дараа тэднийг суллана гэж Ираны Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Мохаммад Жамшиди мэдэгдлээ.

 

Тэрбээр твиттер хуудсандаа бичихдээ “АНУ-д хууль бусаар хоригдож буй манай иргэдийг суллах хүртэл, түүнчлэн Өмнөд Солонгост хууль бусаар царцаасан манай улсын мөнгөн хөрөнгөнд нэвтрэх боломжтой болох хүртэл Америкийн иргэд Иранаас явах боломжгүй” гэжээ.

 

Пүрэв гарагт Америкийн нэгэн иргэнийг өмгөөлж буй өмгөөлөгч Жаред Генсер СNN агентлагт ярилцлага өгөхдөө, Америкийн иргэдийг шоронгоос Тегераны нэгэн зочид буудалд шилжүүлэн байрлуулсныг мэдээлсэн юм.

 

Үүний өмнөхөн, “5x5” гэсэн нөхцлөөр хоригдогсдыг суллах тухай хэлэлцээрийг Тегеран, Вашингтон хоёр байгуулсан тухай НҮБ-д суугаа Ираны төлөөлөгчийн газар мэдэгджээ. Тохиролцооны дагуу иранчууд АНУ-ын хоригийн улмаас Өмнөд Солонгосын банкуудад царцаагдаад буй өөрийн улсын 6 тэрбум долларын данснуудад нэвтрэх эрхтэй болох ба уг активыг чөлөөлж, Катарын банкууд руу шилжүүлэхээр болжээ.    

 

Америкийн тал Ираны цөмийн хэлцлээс гарсныхаа дараа Тегераны эсрэг хориг арга хэмжээ авч, Ираны нефтийг импортлогч 8 том компани, тэдгээрийн дотор Өмнөд Солонгосын компаниудад Иранаас нефть худалдан авахыг хориглосон байна. Ингээд АНУ-ын Сангийн яамны хүсэлтийн дагуу Өмнөд Солонгосын эрх баригчид сүүлийн хэдэн жилийн хугацаанд нийлүүлсэн Ираны нефтийн төлбөр болох 7 тэрбум долларыг царцаасан бөгөөд хоригийн улмаас уг мөнгийг Иран руу шилжүүлж чадалгүй өдийг хүрчээ. 

Связанные новости