Эквадорын Ерөнхийлөгчид нэр дэвшигч халдлагад өртөж амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-08-10 08:41:00

БУЭНОС-АЙРЕС./ТАСС/. Эквадорын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Фернандо Вильявисенсио-г үл мэдэгдэх этгээдүүд өчигдөр буудан хөнөөсөн байна. Сонгуулийн сурталчилгааны уулзалт дууссаны дараахан түүний амь насанд халджээ.


Аймшигт хэргийн талаар  Эквадорын Ерөнхийлөгч Гильермо Лассо твиттер хуудсандаа бичихдээ “энэ гэмт хэргийг зүгээр шийтгэлгүй өнгөрөөх ёсгүй, Аюулгүй байдлын зөвлөл Ерөнхийлөгчийн ордонд удахгүй яаралтай хуралдаан хийнэ” гэжээ.


El Universo сонинд бичсэнээр, Вильявисенсио-гийн толгойд гурван удаа буудаж хөнөөсөн бөгөөд уг халдлагад хэд хэдэн хүн оролцсон байна. Мөн халдлагын үеэр 7 хүн шархадсан тухай мэдээлжээ.  


Энэ сарын 20-нд тус улсад Ерөнхийлөгчийн ба парламентын ээлжит бус сонгуулиуд болох ёстой бөгөөд олон нийтийн санал асуулгын дүнгээр баруун төвийн үзэлт Вильявисенсио 4-5 дугаарт бичигдэж байжээ.


Одоогийн Ерөнхийлөгч Лассо парламентыг татан буулгахын тулд 5 дугаар сард сонгуулийн товыг зарласан байна. Хууль тогтоогчдын зүгээс шинэчлэл хийх гэсэн засгийн газрын үйл ажиллагаанд саад тотгор учруулж байсан учраас дээрх шийдвэрийг гаргажээ. Лассогийн бүрэн эрхийн хугацаа 2025 онд дуусгавар болох ёстой бөгөөд тэрбээр энэ удаагийн ээлжит бус сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.   

Связанные новости