Имран Ханы төрийн алба хаших эрхийг хасжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-08-09 12:36:29

ИСЛАМАБАД. /BBC/. Пакистаны Ерөнхий сайд асан Имран Ханы төрийн алба хаших эрхийг таван жилээр хасжээ.


И.Хан авлигын хэргээр гурван жилийн хорих ял сонссоноос гурав хоногийн дараа Пакистаны Сонгуулийн хороо дээрх шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр И.Хан мөн парламентын гишүүнээс чөлөөлөгдөх юм. Түүний хувьд өөрт нь оноосон ялыг улс төрийн сэдэлтэй гэж үзэж байгаа бол Пакистаны Засгийн газар үүнийг үгүйсгэжээ.


Пакистаны Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн яамны сайд Марриум Аурангзеб дээрх мэдэгдэл гарахаас өмнө BBC-д ярилцлага өгөхдөө “Хүн бүр хийсэн хэргийнхээ төлөө хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Үүнд улс төр огтхон ч хамаагүй. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд баривчлагдах нь тодорхой” гэв.


Өдгөө 70 настай И.Хан Пакистаны Ерөнхий сайдаар 2018 онд томилогдсон ба өнгөрсөн онд армийнхантай маргаж зөрчилдсөнийхөө дараа итгэл үзүүлэх эсэх тухай санал хураалтаар албан тушаалаасаа огцорсон юм.


Өнгөрсөн бямба гарагт гарсан шүүхийн шийдвэр нь гадаадын өндөр албан тушаалтнуудаас авсан бэлэг сэлт болон тэдгээрийг худалдах үйл явцын талаар худал мэдүүлэг өгсөн гэх хэрэгтэй холбоотой байжээ. Ойролцоогоор 140 сая пакистан рупигийн /635 мянган ам.доллар/ үнэ бүхий тэдгээр бэлэг сэлтэд “Rolex” цаг, бөгж, ханцуйны чагтан товч зэрэг багтжээ.


Пакистаны хэвлэлүүдэд бичсэнээр, И.Хан ирэх таван жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших эрхгүй болсныг шүүхийн шийдвэрт дурдсан байна. Тус улсын хуулийн дагуу ял шийтгүүлсэн хүнийг Сонгуулийн хорооноос тогтоосон хугацаанд төрийн алба хашихыг хориглодог ажээ.


И.Ханы өмгөөлөгчдийн баг шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол гаргасан бөгөөд хэргийг Исламабадын Дээд шүүхэд лхагва гарагт хянан хэлэлцэнэ.


Ерөнхий сайд асан одоогоор Исламабад хотоос холгүй орших нэгэн шоронд хоригдож байна.

Связанные новости