В.Нуланд Нижерийн цэргийнхэнтэй уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /ВВС/.АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн үүрэг
гүйцэтгэгч Виктория Нуланд Нижер улсад очиж, төрийн эргэлтээр ерөнхийлөгчийг албан тушаалаас нь
огцруулсан цэргийнхэнтэй уулзжээ.
Нижерийн нийслэл Ниамей хотоос нисэхийнхээ өмнө тэрбээр
сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, цэргийнхэнтэй хийсэн уулзалт 2 цаг гаруйн турш
үргэлжилсэн боловч амжилтгүй болж, төрийн эргэлтээ зогсоохыг үймээн дэгдээгчдэд
ятгаж чадаагүй гэдгээ хүлээн
зөвшөөрсөн байна.
В.Нуланд бригадын генерал Мусса Барму болон цэргийн эргэлтийг зохион байгуулсан бусад хүмүүстэй уулзсан боловч өөрийгөө улс орны удирдагч хэмээн зарласан Ерөнхийлөгчийн гвардын командлагч А.Тчиани, түлхэгдэн унасан ерөнхийлөгч М.Базум нартай уулзах гэсэн түүний хүсэлтийг хүлээж аваагүй ажээ.
В.Нуланд цаашдын үйл ажиллагааны хэд хэдэн хувилбарыг Нижерийн цэргийнхэнд санал болгосноос гадна хэрвээ Базумыг албан тушаалд нь эргүүлэн
тавихгүй бол, хэрвээ хөрш Мали улсын нэгэн адилаар “Вагнер” цэргийн компанитай хамтран
ажиллах аваас АНУ-Нижерийн харилцаанд ямар үр дагавартай болохыг тайлбарласан
байна.
Нижер улсад Америкийн 1000 гаруй цэргийн албан хаагчид
байрлаж, босогчидтой тэмцэхэд нь ерөнхийлөгч асан Базумд тусалж байв.
Пентагоны төлөөлөгч Пэт Райтер мэдэгдэхдээ “одоогоор цэргүүдийг гаргах
төлөвлөгөө алга, гэхдээ нөхцөл байдлаас шалтгаалан аюулгүй байдлын салбар дахь
хамтын ажиллагаа түр зогсоод байгааг” хэллээ.