Камбожийн хаан дараагийн ерөнхий сайдаар Хун Манетийг томилохыг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-08-08 10:23:08

ПНОМПЕНЬ. /Reuters/. Камбожийн хаан Нородом Сиамони Ерөнхий сайд Хун Сений ууган хүүг дараагийн ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн зарлигийг даваа гарагт гаргажээ. Ингэснээр удаан хугацааны турш хүлээгдэж байсан эрх мэдлийг шилжүүллээ.


Баруунд боловсрол эзэмшсэн, армийн генерал, 45 настай Хун Манетийг уг албан тушаалд томилохыг дэмжсэн зарлигийг түүний эцгийн “Telegram” хуудсанд нийтэлсэн нь олон арван жил үргэлжилсэн дайны уршиг, ядуурлаас сэргэх үеийг туулсан Хун Сений 40 орчим жилийн засаглал дуусаж байгааг илтгэн харууллаа.


Одоо уг томилгоог шинээр сонгогдсон Үндэсний Ассамблейгээр батлуулах ёстой бөгөөд энэ сарын сүүлчээр санал хураалт болох төлөвтэй байна. Өнгөрсөн сард болсон сонгуульд Камбожийн эрх баригч Ардын нам үнэмлэхүй ялалт байгуулж, парламентын 125 суудлаас 120-ыг нь авсан юм.


Хун Сен Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч, наймдугаар сард өөрийн хүүд эрх мэдлийг шилжүүлэн өгөхөө өнгөрсөн сард мэдэгдсэнээр 38 жилийн засаглал нь дуусгавар болж буйг зарлажээ. Тэрбээр олон жил үргэлжилсэн дайны дараа тогтвортой байдлыг бий болгосон хэдий ч ардчиллыг боомилсон байна.


Хэдийгээр Хун Сен Ерөнхий сайдын албан тушаалаасаа буух боловч хууль тогтоох байгууллага болон эрх баригч намд чухал албан тушаалуудыг үргэлжлүүлэн хаших ажээ.


Өдгөө 45 настай Хун Манет нь АНУ, Их Британид эдийн засгийн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалжээ. Мөн АНУ-ын нэр хүндтэй “West Point” цэргийн академийг дүүргэсэн бөгөөд Камбожийн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн орлогчийн үүрэг гүйцэтгэж байжээ.

Связанные новости