В.Путин Өмнөд Африкт болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КЕЙПТАУН. /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин харилцан тохиролцсоны үндсэн дээр Йоханнесбург хотод болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэж ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафосагийн ажлын албаны цахим хуудаст мэдээлжээ.
Олон улсын эрүүгийн шүүхээс /ОУЭШ/ баривчлах шийдвэр гаргасан, мөн төрийн эргэлт хийх вий гэсэн болгоомжлолтой холбоотойгоор Путинийг уг уулзалтад оролцоход хүндрэл үүссэн байж магадгүй гэж хэвлэлүүд таамаглаж байна.
"Наймдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Йоханнесбург хотноо болох БРИКС-ийн 15 дугаар дээд хэмжээний уулзалтад оролцох Оросын төлөөлөгчдийг Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүлнэ" гэж Өмнөд Африкийн Ерөнхийлөгчийн Тамгын газар мягмар гарагт мэдээлжээ.
Энэ мэдээллийг сүүлд Кремль баталсан байна. “Ерөнхийлөгч Путин БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад дүрс бичлэгээр холбогдож оролцохоор шийдсэн. Уулзалтад сайд Лавров оролцоно” гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлсэн байна.
ӨАБНУ-д айлчилсан бол Украины хүүхдүүдийг албадан гаргасан хэргээр Путинийг баривчлах шийдвэрийг ОУЭШ-ээс гуравдугаар сард гаргаснаас хойших түүний анхны албан ёсны гадаад айлчлал болох байв.
Өмнөд Африк нь ОУЭШ-ийн шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээсэн Ромын дүрэмд гарын үсэг зурсан орнуудын нэг юм.
Путиний айлчлалд саад болсон өөр нэг асуудал бол "Вагнер" цэргийн хувийн компанийн бослого байж магадгүй гэж “The Moscow Times” өнгөрсөн долоо хоногт эх сурвалжаас эш татан бичжээ.
"Вагнер"-ын бослогын дараа Кремль дотоодын тогтворгүй байдал дахин давтагдаж, эрх мэдлээ алдахаас эмээж байна гэж хэвлэлд онцолсон байна.
БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт наймдугаар сарын 22-24-нд Өмнөд Африкт болох бөгөөд Бразил, Өмнөд Африк, Энэтхэг, Хятадын удирдагчид оролцоно. Энэхүү уулзалт нь коронавирусний цар тахал эхэлснээс хойших БРИКС-ийн анхны нүүр тулсан дээд хэмжээний уулзалт юм.