БНАСАУ Япон тэнгис рүү хоёр баллистик пуужин харважээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/.
БНАСАУ лхагва гарагт Япон тэнгис рүү ойрын тусгалт хоёр баллистик пуужин харважээ.
Энэ бол Пёньяныг цөмийн зэвсэг хэрэглэхээс сэргийлэхэд чиглэсэн АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан үйл ажиллагааны хариуд авч буй арга хэмжээ бололтой гэж Өмнөд Солонгос, Японы албаны хүмүүс мэдэгдсэн байна.
Японы Батлан хамгаалахын сайд Хамада Ясүказүгийн мэдээлснээр, хоёр пуужин эргээс 370 километрийн зайд, тус улсын эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан байна. Пуужинг харвасны дараа ямарваа нисэх онгоц, хөлөг онгоцонд гэмтэл учруулсан тухай мэдээлэл ирээгүй бөгөөд Японы Засгийн газар дипломат шугамаар Умард Солонгост эсэргүүцэл илэрхийлсэн гэж тэрбээр мэдэгджээ.
Пуужингуудыг Пёньяны
Сунан дүүрэг орчмоос өглөөний 03:30-03:46 цагийн хооронд харвасан гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдээлжээ.
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио пуужин харвасантай холбогдуулан лхагва гаргийн орой мэдэгдэхдээ, баллистик пуужин болон цөмийн зэвсэг бүтээхийг хориглосон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн БНАСАУ-ыг Япон улс эрс буруушааж, Пёньян "олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд" заналхийлж байна гэсэн байна.
Өмнөд Солонгос, АНУ-ын Цөмийн асуудлаарх зөвлөлдөх бүлэг Сөүл хотноо анхны уулзалтаа мягмар
гарагт хийж, Пёньяныг цөмийн зэвсэг хэрэглэхээс сэргийлэхийн тулд хамтарсан
цэргийн сургуулилалт хийхээр
тохиролцсоны дараа Умард Солонгос
эдгээр пуужинг харважээ.
АНУ-ын баллистик пуужин тээх чадалтай цөмийн шумбагч
онгоц мөн мягмар гарагт Өмнөд Солонгосын боомтод ирсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Пёньян хатуу түлшээр ажилладаг “Hwasong-18” тив алгасах баллистик пуужинг туршсан нь тус улсын харвасан пуужингуудын нислэгийн хугацаагаар дээд амжилтыг үзүүлсэн юм.