Ж.Керри АНУ-Хятадын харилцааг шинээр тодорхойлно гэж найдаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /Reuters/. Вашингтон, Бээжин уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хамтын ажиллагаагаар дамжуулан сэв суугаад байгаа харилцаагаа шинээр тодорхойлж, дэлхийн дулаарлыг даван туулахад манлайлах боломжтой гэж БНХАУ-д ажлын айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Жон Керри мэдэгджээ.
Тэрбээр Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад хэрэг эрхэлсэн хорооны тамгын газрын дарга Ван Итэй уулзах үеэрээ энэ тухай мэдэгдсэн байна.
"Та бид хоёрын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хийх хэлэлцээ хоёр орны харилцааг шинээр тодорхойлох, бидний хоорондын санал зөрөлдөөнийг шийдвэрлэх эхлэл болно гэж найдаж байна" гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Бээжин хот дахь Ардын их хурлын ордонд болсон уулзалтын үеэр Ван Ид хандан хэлжээ.
БНХАУ-д хийж буй Ж.Керригийн айлчлал долоодугаар сарын 17-нд эхэлсэн бөгөөд 19-нд өндөрлөнө. Өчигдөр тэрбээр Хятадын Засгийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Ше Жэньхуатай уулзсан юм. Хятадын төв телевизийн мэдээлснээр, тэдний хэлэлцээ дөрвөн цаг гаруй үргэлжилсэн байна.