Туркийн удирдагч Шведийг НАТО-д элсүүлэхийг зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВИЛЬНЮС. /France24/. Даваа гарагт Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Шведийг НАТО-д нэгдэхийг зөвшөөрч, Оросын довтолгооны эсрэг Украинд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн эвслийн дээд хэмжээний уулзалтаар холбоотнууд эв нэгдлээ харуулах суурийг тавилаа.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон нартай даваа гарагт уулзсаныхаа дараа мэдэгдэхдээ, Туркийн удирдагч Стокхолмын хүсэлтийг дэмжихийг зөвшөөрсөн "түүхэн өдөр" боллоо гэжээ.
"Швед улсын НАТО-д элсэх үйл явцыг дуусгасан нь энэхүү эгзэгтэй үед НАТО-гийн бүх холбоотны аюулгүй байдалд ач холбогдолтой түүхэн алхам юм. Энэ үйл явдал нь биднийг илүү хүчирхэг, аюулгүй болгож байна" гэж Й.Столтенберг хэлжээ.
Швед улсын хүсэлтийг Туркийн парламент соёрхон батлах ёстой бөгөөд Р.Эрдоган тус улсыг НАТО-д элсүүлэх тухай протоколыг соёрхон батлуулахаар парламентдаа шилжүүлэхээр тохиролцсон байна.
Унгар улс ч мөн Швед улсын гишүүнчлэлийг соёрхон батлаагүй байгаа ч Ерөнхий сайд Виктор Орбаны Засгийн газар энэ алхмыг хийх сүүлчийн улс биш гэж амласан тул уг амлалтаа удахгүй биелүүлэх нь дамжиггүй.
Дээд хэмжээний уулзалтад оролцохоор Вильнюс хотноо хүрэлцэн ирээд байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөн Й.Столтенбергт талархал илэрхийлээд "Ерөнхий сайд У.Кристерссонтой хийх уулзалтыг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд Швед улсыг НАТО-гийн 32 дахь холбоотны хувиар угтан авах болсондоо таатай байна" гэж хэлжээ.
Анкарагийн эрх баригчид “террорист” гэж үздэг курдүүдийг Стокхолм орогнуулж байна гэж буруутгаж, Швед улсын Умард Атлантын эвсэлд элсэх хүсэлтийг Турк улс хүлээж авахгүй байсан билээ.
Р.Эрдоган Швед улсыг НАТО-д элсэх урьдчилсан нөхцөл болгон Европын Холбоонд элсэх Турк улсын хүсэлтийг сэргээн хэлэлцэхийг даваа гарагт Европын Холбооноос шаарджээ.
НАТО нь 1949 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 31 гишүүнтэй.