АНУ Украинд дайзат зэвсэг нийлүүлэхээр шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-07-08 09:31:07

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден удтал эргэлзсэний эцэст олон оронд хэрэглэхийг хориглосон дайзат зэвсгийг Украинд нийлүүлэхээр шийджээ.


Ийм шийдвэр гарсан тухай өмнө нь хэвлэл мэдээллийн олон хэрэгслийн эх сурвалжууд мэдээлж байв. Харин баасан гаргийн орой АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан олон нийтэд баталжээ.


Тэрээр хэлэхдээ, Украинд дайзат зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргах амаргүй байсан ч эцсийн дүндээ зөв шийдвэр гэж үзсэн. Энэ бол Ерөнхийлөгчийн бүх зөвлөхүүдийн санал нэгтэй гаргасан зөвлөмж байсан гэжээ. Түүний хэлснээр, энэ шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь Украины их бууны сумны хэрэгцээг бүрэн хангах боломжгүй байсантай холбоотой аж.


"Дэлбэрээгүй сум энгийн иргэдэд хохирол учруулах эрсдэлтэй гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг. Чухам ийм учраас шийдвэрээ аль болох хойшлуулж байсан. Гэхдээ Украинд хангалттай их буу байхгүй учраас Оросын цэрэг, танкууд Украины байрлалууд руу дайран орж, энгийн ард иргэдэд хохирол учруулах асар их эрсдэлтэй. Энэ бол бидний хувьд тэвчих аргагүй зүйл юм" гэж Салливан хэлжээ.


Баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Батлан хамгаалахын яамны улс төрийн хэрэг эрхэлсэн дэд сайд Колин Колын мэдэгдсэнээр, Украинд үзүүлэх “800 сая ам.долларын шинэ багц тусламжид 155 мм-ийн их бууны сум, түүний дотор дайзат зэвсэг багтах аж.


Дэлхийн 113 орон гарын үсэг зурсан Дайзат зэвсгийн тухай конвенцыг 2008 онд баталжээ. Уг гэрээнд заасны дагуу улс орнууд ийм төрлийн зэвсгийн нөөцөө 10 жилийн хугацаанд устгах ёстой юм. Гэхдээ сургуулилалт хийх болон уг зэвсгийг хөнөөлгүй болгодог техникийг сайжруулан туршихад ашиглах зорилгоор цөөн тоогоор хадгалж болох аж. Одоогийн байдлаар гарын үсэг зурсан орнуудаас 90 нь уг гэрээг баталжээ. Уг конвенцод нэгдээгүй орнууд бол ийм зэвсэг үйлдвэрлэгч, эзэмшигч хамгийн том орнууд болох АНУ, ОХУ, Хятад юм. Мөн Энэтхэг, Пакистан, Израил, БНСУ, Украин улс батлахаас татгалзжээ. 



Связанные новости