Женин хот дахь Израилын ажиллагаа зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-07-04 08:28:47

ТЕЛЬ-АВИВ. /RT/. Иордан голын Баруун эргийн Женин хотод явуулж буй терроризмтой тэмцэх ажиллагаа зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ гэж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху даваа гаргийн орой мэдэгдэв.


“Сүүлийн саруудад Женин хот террористуудын орогнох газар болсон. Бид үүнийг тэвчихгүй, бид үүнийг эцэс болгож байна. Энэ цагуудад манай цэргүүд Женин хотод ажиллагаагаа шийдэмгий явуулж байна. Тэд террористуудыг устгаж, баривчилж, тэдний төв байр, агуулахыг устгаж байна. Бидний баримталж буй зарчим бол маш энгийн. Израилчуудыг хөнөөсөн эсвэл хөнөөхөөр төлөвлөж байгаа хэн бүхний байх газар бол шорон эсвэл булш юм.  “Home and Garden” ажиллагаа даалгавраа дуусгах хүртэл хэдий чинээ хугацаа шаардагдана төдий чинээ үргэлжилнэ” гэж Б.Нетаньяху Израил дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас АНУ-ын тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээны үеэр мэдэгджээ. 


Иордан голын Баруун эргийн Женин хотод болон ижил нэртэй дүрвэгсдийн хуаран орчим терроризмтой тэмцэх өргөн цар хүрээтэй ажиллагаа эхлүүлснийг Израилын армийн хэвлэлийн алба даваа гарагт шилжих шөнө мэдээлжээ. Израилын арми Палестины дайчдын дэд бүтцэд арав гаруй удаа агаараас цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна. Мөн Израилын аюулгүй байдлын албаныхан гар хийцийн пуужин харвагч, зэвсэг, сум зэргийг олж илрүүлж, хураан авсан гэж мэдэгджээ.


Женин хот дахь дүрвэгсдийн хуаранд эхний пуужингийн цохилтыг Израилын арми долоодугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө өгсөн байна. “Al Arabiya” телевизийн сувгаар мэдээлснээр, тус хот руу хуягт тээвэрлэгч, танк зэрэг 200 нэгж хуягт машин оржээ. Израилын цэргүүд дүрвэгсдийн хуаранг бүсэлсэн байна. Палестины Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, таван палестин амиа алдаж, 30 хүн шархаджээ. 


Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галант даваа гаргийн үдээс хойш мэдэгдэхдээ Женин хотод явуулж буй томоохон ажиллагаа нь төлөвлөгөөний дагуу явагдаж байна гэсэн байна. 


Даваа гарагт Б.Нетаньяху арми болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай шуурхай уулзалт хийж, ажиллагааны явцын талаар хэлэлцжээ.


Израилын арми хамгийн сүүлд зургаадугаар сарын 19-нд Женин хотод томоохон хэмжээний ажиллагаа явуулсан байна. 

Связанные новости