Токио орчмын бүс эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-01 11:10:36

ТОКИО. /Kyodo/. Токио орчмын айл өрх, аж ахуйн нэгжүүд долоодугаар сараас эхлэн наймдугаар сар хүртэл эрчим хүчний хэмнэлтийн горимд өнөөдрөөс шилжиж эхэлжээ.


Энэ зун тус бүсийн цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт буурах төлөвтэй байгаа тул ийнхүү хэмнэлтийн горимд шилжсэн байна.


Японы Засгийн газар арван жилд нэг удаа тохиолддог хэт халуун болбол “Tokyo Electric Power Company Holdings” /TEPCO/ компанийн үйлчилдэг энэ бүс нутгийн эрчим хүчний нөөцийн хүчин чадлын хэмжээ долоодугаар сард эрчим хүчний хангамжийг тогтвортой байлгах хамгийн доод түвшнээс багахан хувиар илүү буюу 3.1 хувь хүртэл буурах төлөвтэй байна гэсэн урьдчилсан таамаглалд үндэслэн уг хүсэлтийг гаргажээ. 


Цахилгаан эрчим хүчний эрэлт хүлээгдэж буй түвшнээс 3 орчим хувиар өсөж магадгүй байгаа тул доод тал нь 3 хувийн нөөц бүрдүүлэх шаардлагатай гэж Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас мэдээлсэн байна.


TEPCO-ийн эрчим хүч нийлүүлдэг бүс нутагт энэ үзүүлэлт наймдугаар сард 4.8 хувь болж сайжирна гэж таамаглаж байна. Харин бусад бүс нутагт эрчим хүчний нөөц долоо, наймдугаар саруудад 5-аас дээш хувьтай байх төлөвтэй байна гэж яамны төлөөлөгч мэдэгджээ.


Өнгөрсөн онд Засгийн газраас долоодугаар сараас есдүгээр сар хүртэл эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжих хүсэлтийг орон даяар гаргаж байсан бол энэ удаа зөвхөн TEPCO компанийн үйлчилгээ авдаг бүс нутагт хамаарах аж.


Тус улсын цаг уурын агентлаг Эль-Нино үзэгдлийн нөлөөгөөр Японд илүү халуун зун тохиож магадгүй гэж таамаглаж байна.

Связанные новости