Пригожин хөлсний цэргүүдийнхээ цувааг эргүүлэн татаж байгаагаа мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /CNN/. Баасан гарагт Москва руу "шударга ёсны жагсаал" зохион байгуулж, Ростов хотын төвийг хяналтдаа аваад байсан “Вагнер” цэргийн хувийн компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин бямба гаргийн орой Оросын нийслэлээс 200 км-ийн зайд хөлсний цэргүүдийнхээ цувааг эргүүлэн татаж, хээрийн хуарангууд руу буцааж байгаагаа гэнэт зарлав.
"Нэг өдрийн дотор бид Москва руу 200 км-т тулж очсон. Энэ хугацаанд бид цэргүүдийнхээ нэг ч дусал цусыг урсгаагүй. Одоо бол цус урсгаж болох мөч ирээд байна, тиймээс аль нэг талд орос цус урсах болно гэсэн бүх хариуцлагыг ухамсарлаж, бид цуваагаа эргүүлэн татаж, төлөвлөгөөний дагуу хээрийн хуарангууд руу буцаж байна" гэж Пригожин бичлэгтээ мэдэгджээ. Гэхдээ ямар төлөвлөгөөний талаар ярьж байгаагаа тодорхой дурдаагүй байна.
“Вагнер”-ыг үүсгэн байгуулагч Беларусийн удирдагчидтай хэлэлцээ хийсний дараа цуваагаа зогсоохыг зөвшөөрлөө гэж Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хэвлэлийн албанаас мэдээлсний дараахан Пригожин мэдэгдэл хийжээ. Харин Пригожин өөрөө энэ талаар яриагүй байна. Хэлэлцээг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй зөвшилцсөн гэж Лукашенкогийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
“Хэлэлцээ өдрийн туршид үргэлжилсэн. Үүний үр дүнд бид ОХУ-ын нутаг дэвсгэрт цус урсгахыг зөвшөөрөхгүй байх тухай тохиролцоонд хүрсэн. Евгений Пригожин ОХУ-ын нутаг дэвсгэрт “Вагнер” компанийн зэвсэгт этгээдүүдийн хөдөлгөөнийг зогсоож, хурцадмал байдлыг намжаах цаашдын алхмуудын талаарх Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн саналыг хүлээж авлаа" гэж Беларусийн төрийн мэдээллийн "БелТА" агентлаг хэвлэлийн албаны мэдээнээс эш татан уламжилжээ.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков бямба гаргийн орой энэ талаар сэтгүүлчдэд Пригожинд үүсгэсэн эрүүгийн хэргийг хүчингүй болгож, тэр өөрөө "Беларусь руу явах болно". Бослогод оролцсон хөлсний цэргүүдийн цэргийн гавьяаг харгалзан мөрдөж шалгахгүй, цуваанд оролцоогүй зарим цэргийн хувьд Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулна гэж мэдээлсэн байна.