ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Вагнер" цэргийн хувийн компанийн зохион байгуулсан зэвсэгт бослоготой холбогдуулан мэдэгдэл хийлээ. Тэрбээр болж буй үйл явдлыг урвалт гэж нэрлээд, зэвсэгт бослогод оролцсон бүх хүнийг шийтгэх болно гэж мэдэгджээ.
"Вагнер" хагас цэрэгжсэн бүлэглэлийг тэргүүлдэг Евгений Пригожин цэргүүд нь Оросын хоёр хотод цэргийн байгууламжуудыг хяналтдаа авлаа гэж мэдэгдсэний дараа В.Путин албан ёсоор мэдэгдэл хийсэн байна.
Тэрбээр бослогыг “эх орон, ард түмний ар нуруунаас цохилт өгсөн явдал” гэж хэлжээ.
"Бидэнд тулгараад байгаа зүйл бол урвалт юм. Хязгааргүй амбиц, хувийн ашиг сонирхол нь эх орноосоо урвахад хүргэв. Эх орон, ард түмэн, “Вагнер”-ын цэрэг, командлагч нартай, бусад анги нэгтгэлтэй мөр зэрэгцэн тулалдаж, амь насаа алдсан нөхдөөсөө урвасан явдал юм” гэж Оросын төрийн тэргүүн хэлсэн байна. "Өдөөн хатгалга, террорист арга замаар зэвсэгт бослогод бэлтгэсэн, урвасан бүх хүн хуулийн өмнө, ард түмнийхээ өмнө заавал хатуу шийтгэл хүлээх болно" гэж тэрбээр мэдэгджээ.
Оросын удирдагч мөн Донын Ростовт хүнд нөхцөл байдал үүссэнийг хүлээн зөвшөөрчээ. "Вагнер"-ын цэргүүд хотын засаг захиргааны олон байгууллагыг бүслэн хаажээ.
"Донын Ростовт байдлыг тогтворжуулахын тулд мөн шийдвэртэй арга хэмжээ авна. Хотод байдал хүнд хэвээр байна, иргэний болон цэргийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа үндсэндээ хаагдаад байна" гэж Ерөнхийлөгч хэлэв.
"ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд, ОХУ-ын иргэний хувьд эх орноо хамгаалах, Үндсэн хуулийн байгуулал, иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрх чөлөөг хамгаалахын тулд бүх зүйлийг хийх болно" гэж тус улсын тэргүүн мэдэгджээ.