Оросын Аюулгүй байдлын алба Пригожины тушаалыг дагахгүй байхыг “Вагнер”-ын цэргүүдэд уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-06-24 08:43:17

МОСКВА. /interfax/. ОХУ-ын Аюулгүй байдлын албаны Олон нийттэй харилцах төвөөс мэдэгдэл гаргаж, Евгений Пригожины мэдэгдлийг гэмт хэрэг, урвалт гэж тодорхойлоод түүнийг баривчлах арга хэмжээ авахыг “Вагнер” цэргийн хувийн компанийн /ЦХК/ хөлсний цэргүүдэд уриалжээ.


“Залруулж болохгүй алдаа гаргахгүй байж, Оросын ард түмний эсрэг аливаа хүчирхийлэл үйлдэхээ зогсоож, Пригожины эрүүгийн шинжтэй, урвасан тушаалуудыг биелүүлэхгүй байхыг, түүнийг баривчлах арга хэмжээ авахыг ЦХК-ийн дайчдад уриалж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна. 


Түүнчлэн Пригожины мэдэгдэл нь “үнэн хэрэгтээ ОХУ-ын нутаг дэвсгэрт иргэний зэвсэгт мөргөлдөөн эхлүүлэх, Оросын цэргүүдийн ар нуруу руу “хутгалах” уриалга” юм гэж цохон тэмдэглэжээ. 


ОХУ-ын Зэвсэгт хүчин цэргийн тусгай ажиллагааны бүсэд байлдааны даалгавраа үргэлжлүүлэн биелүүлж байна гэж Аюулгүй байдлын алба онцлон тэмдэглэсэн байна. 


Зургаадугаар сарын 23-ны баасан гаргийн орой “Вагнер” цэргийн хувийн компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн биечлэн өгсөн тушаалаар “Вагнер”-ын хуарангууд руу пуужингаар цохилт өгсөн гэж мэдэгджээ. Харин Оросын Батлан хамгаалах яам түүний энэ мэдэгдлийг үгүйсгэсэн байна. Ингэж мэдэгдсэнийхээ дараа Пригожин “Вагнер”-ын дайчид Украины нутгаас Оросын хилийг давж, Москвагийн цэргийн эсрэг "эцсээ хүртэл" явахад бэлэн байна гэж мэдэгдээд хувийнх нь зэвсэгт хүчнийг эсэргүүцэх биш, харин нэгдэхийг оросуудад уриалсан байна. Оросын эрх баригчид түүнд зэвсэгт бослогод уриалсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. 


Связанные новости