Э.Блинкен БНХАУ-д айлчилж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /CNN/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өнөө өглөө хүрэлцэн иржээ. Тэрбээр Хятадад 2018 оноос хойш буюу сүүлийн таван жилийн хугацаанд айлчилж буй АНУ-ын анхны Төрийн нарийн бичгийн дарга болж буй юм.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэтью Миллер лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ, Э.Блинкен Хятадын өндөр түвшний төлөөлөгчидтэй Бээжин хотноо уулзаж, АНУ-Хятадын харилцааг хариуцлагатайгаар зохицуулахын тулд харилцаа холбооны шугамыг нээлттэй байлгахын ач холбогдлын талаар хэлэлцэнэ гэсэн байна.
“Талууд хоёр талын анхаарал татсан асуудлуудыг хөндөж, дэлхий дахин, бүс нутагт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх бөгөөд Хятадын тал мөн Хятад-АНУ-ын харилцааны талаарх байр сууриа илэрхийлж, “ашиг сонирхлоо тууштай хамгаална” гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь баасан гарагт мэдэгджээ.
Э.Блинкен албан
тушаалдаа томилогдоод удаагүй байгаа Гадаад хэргийн сайд Чинь Гантай уулзахаар Хятадад энэ
оны хоёрдугаар сард айлчлахаар төлөвлөж байсан боловч Хятадын тагнуулынх байж
болзошгүй агаарын бөмбөлгийг АНУ-ын агаарын орон зайд илрүүлсний дараа
айлчлалаа хойшлуулсан юм.