Суданы сөргөлдөгч талууд гал зогсоохоор тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-06-18 08:52:22

ХАРТУМ. /Reuters/. Суданы сөргөлдөгч талууд 72 цагийн хугацаатай гал зогсоохоор тохиролцсон талаар Саудын Араб, АНУ-ын эрх баригчид бямба гарагт мэдэгдлээ.


Саудын Араб, АНУ-ын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, Суданд гал зогсоох дэглэм орон нутгийн цагаар ням гаргийн өглөөний 06:00 цагаас хэрэгжиж эхэлнэ.


Сөргөлдөгч талууд гал зогсоох хугацаандаа давших, харилцан дайралт хийхгүй байхаар тохиролцсон байна. Мөн хүмүүнлэгийн тусламжийг орон даяар саадгүй хүргэхийг зөвшөөрчээ.


Хамтарсан мэдэгдэлд мөн талууд гал зогсоох дэглэмийг зөрчсөн тохиолдолд Жиддагийн хэлэлцээг түр зогсоож магадгүй хэмээн тэмдэглэсэн байна.


Суданы арми болон Шуурхай хариу арга хэмжээ авах хүчний хооронд үүсээд буй зэвсэгт мөргөлдөөн нийслэл Хартум болон бусад бүс нутагт дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн юм.


Лхагва гарагт Суданы Эмч нарын холбооноос мэдээлснээр, улсын хэмжээнд мөргөлдөөний улмаас 958 энгийн иргэн амиа алдаж, 4746 хүн шархадсан байна. 

Связанные новости