Украины Ерөнхийлөгч Африкийн орнуудын удирдагчидтай уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-06-17 15:22:52

КИЕВ. /DW/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Африкийн орнуудтай удирдагчидтай дайныг зогсоох арга замын талаар хэлэлцэхээр Киев хотноо баасан гарагт уулзжээ. 


Уг бүрэлдэхүүнд Коморосын Ерөнхийлөгч Азали Ассумани, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса, Замбийн Ерөнхийлөгч Хакаинде Хичилема, Сенегалын Ерөнхийлөгч Маки Салл нар багтсан байна. Мөн Египет, Бүгд Найрамдах Конго, Уганда улс төлөөлөгчдөө илгээжээ. 


Африкийн удирдагчид Оросын цэргүүдийн гарт амиа алдсан гэх 458 энгийн иргэнийг оршуулсан Буча дахь оршуулгын газарт хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн Михайливскийн талбайд очиж, дайны үед сүйрсэн Оросын цэргийн техникийг дэлгэн үзүүлсэн үзэсгэлэнг үзжээ. Дараа нь тэд В.Зеленскийтэй уулзсан байна.


Хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр В.Зеленский хэлсэн үгэндээ, Оросын цэргүүд Украины нутаг дэвсгэрт байгаа үед хэлэлцээр хийх боломжийг бүрдүүлэхийн тулд дайныг зогсоох хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглээд, “Орос одоо хууран мэхлэх хуучны арга тактикаа хэрэгжүүлэхийг хичээж байгаа нь илт байна. Бидэнд жинхэнэ энх тайван хэрэгтэй, тиймээс Оросын цэргийг манай тусгаар тогтносон газар нутгаас бодитойгоор гаргах хэрэгтэйг дахин онцолж байна” гэж хэлжээ.


Өмнөд Африкийн Ерөнхийлөгч С.Рамафосагийн хувьд, дайныг дипломат аргаар шийдвэрлэх ёстой хэмээн мэдэгдээд, талууд хурцадмал байдлыг намжаах шаардлагатай байгааг онцлон хэлсэн байна. Украин, Оросын үр тариа, бордооны экспортын талаар тэрбээр хэлэхдээ, дайны сөрөг үр дагаварт Африк ч нэрвэгдэж буй явдал нь Украинд ирэх өөр нэгэн шалтгаан болсныг тэмдэглэжээ. Африкт үр тарианы үнэ нэмэгдэж, бордоо хомсдож, улмаар үнэ нь ч мөн нэмэгдээд байгааг тэрбээр эш татсан байна.

Связанные новости