Э.Блинкен Хятад, Их Британид айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-06-15 09:03:39

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ баасан гаргаас ирэх лхагва гаргийн хооронд Хятад, Их Британид айлчилна гэж Төрийн департамент лхагва гарагт мэдээлэв.


Э.Блинкен Хятадын эрх баригчидтай Бээжин хотноо уулзана. Төрийн департаментын мэдээлснээр, тэрбээр АНУ-Хятадын харилцааг хариуцлагатайгаар зохицуулахын тулд харилцаа холбооны шугамыг нээлттэй байлгахын ач холбогдлын талаар хэлэлцэх ажээ.


"Хятад, АНУ-ын хэлэлцэн тохиролцсоны дагуу АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен зургаадугаар сарын 18-19-нд Хятадад айлчилна" гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь мөн мэдэгджээ.


Энэ нь Э.Блинкений хувьд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хувиар Хятадад хийх анхны айлчлал болно. Тэрбээр Хятадад энэ оны хоёрдугаар сард айлчлахаар төлөвлөж байсан юм. Гэвч Хятадын тагнуулын гэх агаарын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэрийн дээгүүр ниссэний дараа айлчлалаа хойшлуулсан билээ.


Их Британийн нийслэл Лондон хотноо айлчлах үеэрээ Э.Блинкен Украиныг сэргээн босгох бага хуралд оролцоно. Мөн Их Британи, Украин болон бусад түнш, холбоотон орнуудынхаа төлөөлөгчидтэй уулзах ажээ.

Связанные новости