Шведийг НАТО-д “аль болох ойрын хугацаанд” элсүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг нар мягмар гарагт уулзах үеэрээ Шведийг НАТО-д элсүүлэх хүсэлтэй байгаагаа дахин нотолжээ.
Ж.Байден, Й.Столтенберг нар Вашингтон
хотноо болсон уулзалтынхаа үеэр “Шведийг Умард Атлантын эвсэлд аль болох ойрын хугацаанд элсүүлэх
хүсэлтэй байгаагаа цохон тэмдэглэсэн” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна.
Швед улс НАТО-д элсэх хүсэлтээ ОХУ-ыг Украин руу довтолсны дараа өнгөрсөн оны тавдугаар сард гаргасан ч Турк, Унгар улс элсэх хүсэлтийг нь соёрхон батлаагүй байгаа юм.
Цагаан ордноос мэдэгдсэнээр, Ж.Байден, Й.Столтенберг нар мөн “Атлантын далай дамнасан аюулгүй байдалд Украинд өдүүлсэн Оросын дайнаас үүдэн учрах үр дагаврын талаар хийгээд НАТО-гийн тогтоон барих, батлан хамгаалах хүчийг үргэлжлүүлэн бэхжүүлэхийн ач холбогдлын” талаар хэлэлцжээ.
“Түүнчлэн Украинд Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалахад туслалцаа үзүүлж буй холбоотнууд, түншүүдийнхээ дэмжлэгийг сайшаасан” гэж уг мэдэгдэлд мөн дурдсан байна.
Й.Столтенберг саяхан мэдэгдэхдээ, сүүлийн үед байлдааны талбарт гаргасан Украины амжилтууд нь ирээдүйд Москватай хийх аливаа хэлэлцээнд Киевийн "байр суурийг илүү хүчтэй болгохын тулд" Барууны орнууд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх шаардлагатайг харуулж байна гэжээ.
Мягмар гарагт болсон энэхүү уулзалт нь ирэх сард Литва улсын нийслэл Вильнюс хотод болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө болсноороо онцлогтой юм.