К.Фүмио “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг танилцууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ХИРОШИМА. /NHK/.
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио
Хирошима хотноо ням гарагт өндөрлөсөн “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг
дүгнэлээ. Дэлхийн анхны атомын бөмбөгдөлтөд өртсөн хотод болсон уг уулзалтын ач
холбогдлыг тэрбээр өндрөөр үнэлэв.
К.Фүмио хэлсэн үгэндээ, “Цөмийн дайнд ялагч гэж байхгүй, цөмийн дайныг хэзээ ч гаргаж болохгүй гэдгийг бид дахин нотоллоо. “Долоогийн бүлэг”-ийн удирдагчид бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүний яриаг сонсож, бодит байдлыг нүдээр үзэж, хүмүүсийн энх тайвны төлөөх итгэл найдварыг мэдэрснийхээ дараа атомын бөмбөгдөлтөд өртсөн энэхүү хотод хийсэн мэдэгдэлдээ энэ талаар тодорхой илэрхийлсэн нь түүхэн ач холбогдолтой гэж би хувьдаа үзэж байна” гэв.
Японы Ерөнхий сайд мөн дэлхийн өнцөг булан бүрд статус-квог хүчээр өөрчлөх гэсэн аливаа оролдлогыг тэвчиж болохгүй хэмээн онцолсон байна. “Долоогийн бүлэг” Украинд аль болох хурдан хугацаанд шударга ёс, бат бөх энх тайвныг цогцлоохын төлөө ажиллах болно гэж тэрбээр мэдэгджээ.
“Бид Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Японд айлчлахыг урьж, “Долоогийн бүлэг” болон Украины хооронд хэлбэрэлтгүй эв санааны нэгдэлтэй байгааг харуулсны сацуу, хууль дээдлэх зарчимд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмын ач холбогдлыг дахин нотолж, түүнийг хамгаалах амлалтаа дэлхий дахинд тод томруун харуулсан нь чухал үйл явдал боллоо” гэж К.Фүмио хэлжээ.
Оросын түрэмгийлэл сунжрахын хэрээр дэлхийн эдийн засагт инфляц, хүнс, эрчим хүчний хомсдол
зэрэг ноцтой сорилтууд тулгарч байгааг
К.Фүмио тэмдэглэв. Түүний хэлснээр,
“Долоогийн бүлэг” тогтвортой
өсөлтийг хангах хүчин чармайлтыг удирдан чиглүүлэхийн сацуу нийлүүлэлтийн
сүлжээ, дэд бүтцийг бэхжүүлэх замаар эдийн засгийн уян хатан байдал, олон улсын
аюулгүй байдлыг сайжруулахын
тулд бусад орнуудтай хамтран
ажиллах ажээ.
“Долоогийн бүлэг”-ийн
удирдагчид мөн Украинд хэдий чинээ шаардагдана төдий хэмжээгээр санхүүгийн болон цэргийн тусламж
үзүүлнэ гэдгийг В.Зеленскийд амласан байна. Үүний хариуд В.Зеленский “Долоогийн бүлэг”-ийн зүгээс үзүүлж буй
дэмжлэгт талархал илэрхийлэв.
Үүний зэрэгцээ В.Зеленский ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзжээ. Энэ үеэр Ж.Байден Украинд үзүүлэх цэргийн шинэ багц тусламжийн талаар танилцуулаад, үүнд сум, их буу, хуягт техникүүд багтаж байгааг хэлжээ. В.Зеленский мөн АНУ-ын дэмжлэгт маш их талархаж байгаагаа илэрхийлсэн байна.