БНХАУ-ын дарга Төв Азийн орнуудын удирдагчидтай хэд хэдэн уулзалт хийлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-05-19 10:40:18

ШИАНЬ. /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт оролцохоор, түүнчлэн төрийн айлчлал хийхээр тус улсад хүрэлцэн ирсэн Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой пүрэв гарагт хэлэлцээ хийлээ. 


Уулзалтын үеэр Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Тажикистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны хүчин чармайлтаар хоёр талын харилцаа сайн хөрш, найрамдалт харилцаанаас стратегийн түншлэлийн харилцаанд, улмаар иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрч үсрэлт хийсэн хэмээн цохон тэмдэглэв.


Үүний сацуу Хятадын удирдагч 2019 онд Тажикистанд айлчлах үеэрээ Эмомали Рахмоны хамт Хятад-Тажикистаны хөгжил, аюулгүй байдлын нийгэмлэгийг байгуулсныг зарлаж, энэхүү бүтээн байгуулалтад өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ирээдүйтэй ахиц дэвшил гарсныг дурдлаа. 


Ши Жиньпиний цохон тэмдэглэснээр, Хятад-Тажикистаны харилцаа нь түүхэн гүн гүнзгий үндэс суурьтай, улс төрийн бат бөх суурьтай.


Хятад улс нь шинэ нөхцөлд хоёр орны ард түмний гэрэлт ирээдүйд анхаарлаа хандуулж, олон салбарт хамтын ажиллагааны түвшнийг ахиулж, үеэс үед уламжлагдан ирсэн нөхөрлөл, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар тодорхойлогддог Хятад-Тажикистаны хамтын ажиллагааг урагшуулахад Тажикистан улсын хамтаар хүчин чармайлт тавихад бэлэн байна гэж Ши Жиньпин хэллээ. 


Хятадын дарга мөн Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров нартай уулзсан байна.  


Ши Жиньпин С.Бердымухамедовтой уулзах үеэрээ энэ оны нэгдүгээр сард Хятадад хийсэн түүний төрийн айлчлал амжилттай болж, тэд хамтдаа хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд ахиулсныг дурдаад Хятад улс Туркменистантай хамтын чармайлтаар хоёр ард түмний сайн сайхны төлөө хоёр талын харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байгааг цохон тэмдэглэжээ. 


БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар хоёр талын болон олон талын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлууд, удахгүй болох Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлууд, мөн дээд түвшний уулзалтуудын үеэр хүрсэн тохиролцооны хэрэгжилт, хамтарсан төслүүдийн талаар хэлэлцсэн байна. 


Ши Жиньпин хоёр талын хэрэгжүүлж буй төслүүд нь Хятад-Киргизийн хамтын ажиллагаанд түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хоёр орны удирдагчид харилцан визний шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр зэрэг 23 баримт бичигт гарын үсэг зуржээ. 


Төв Азийн таван орны Ерөнхийлөгч нар Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Шэньси мужийн Шиань хотод хүрэлцэн ирсэн байна. 


Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров нар лхагва гарагт Шиань хотод хүрэлцэн ирсэн бол тавдугаар сарын 18-ны пүрэв гарагт Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Туркменистаны ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар иржээ.

Связанные новости